Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх ёстой, элсэх ёсгүй гэсэн байр суурь халуун сэдэв болж байна. ШХАБ-д элсэх нь эдийн засагт хэр ашигтай талаар судлаачдын байр суурийг хүргэе. 


Хоёр хөршөөсөө бүр их хамааралтай болно

Д.Баярхүү /Олон улсын харилцааны судлаач/

ШХАБ-д жинхэлсэн тохиолдолд хоёр хөршөөсөө бүр их хамааралтай, барьцаанд орох магадлал нэн өндөр.Монгол Улс ШХАБ-д яг одоо элссэний дараах ойрын ашгийг бид олж харж, төсөөлөх боломж алга.ШХАБ-д Монгол Улсад ашигтай хамтын ажиллагаа өрнөөгүй байна.Монгол элсчихвэл тийм хамтын ажиллагаа өрнөчихнө гэж хэн ч зориглон хэлээгүй, Манайд ам өчгөө өгөөгүй байна.Ойрын ашиг орж ирэхгүй ийм нөхцөлд ШХАБ-ын төсөвт жил бүр олон зуун мянган ам.долларыг манай Засгийн газар төлөх нь зүйд нийцэхгүй. Үр ашиггүй өчнөөн доллар зарахыг жирийн монголчууд ойлгон хүлээн авах нь юу л бол.Бид чинь татвар төлөгч жирийн иргэддээ хэлэх үгтэй, харуулах бэлэн үр дүнтэй байх ёстой.


Бүх нийтийн санал асуулгаар шийдэх хэрэгтэй

Б.Найдлаа /эдийн засагч, ХҮН намын дарга/

Бидний зүгээс ШХАБ-ын үйл ажиллагааг дүгнэх, сайн муу гэж ялгах, Монгол Улсын гадаад бодлого тийм, ийм байх ёстой гэх зэргээр маргаанд оролцохгүй.

Хамгийн гол нь Монгол Улсын 50 магадгүй 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлох энэ асуудлыг маргалдсаар байгаад, үндэсний зөвшилцөлд хүрч чадалгүй цөөхөн улстөрчид хаалттай хуралдаанаар яаран шийдвэрлэх нь осолтой. Яаж ч шийдсэн байсан цаашдаа үндэсний эв нэгдэлд нөлөөлж, маргааны сэдэв болгохгүйн тулд Үндсэн хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ, Засгийн газарт хандан уриалж байна.


Монгол Улс ШХАБ-д элсэх асуудлыг эргэж харах цаг болсон

Ч.Сумъяа /Хятад Судлаач /

Монгол Улс ШХАБ-д элсэх асуудал гадаад талдаа томоохон бэрхшээл байхгүй харагддаг. ШХАБ-ын гишүүн найман оронтой манай улс ямар нэг дайсагналцсан харилцаагүй, гадаад худалдааныхаа 75 хувийг ШХАБ-ын гишүүн орнуудтай хийдэг, мөн түүх угсаатан хөгжлийн зам ойролцоо орнууд тус байгууллагад багтдаг. Монгол Улс 2004 оноос хойш тус байгууллагад ажиглагч орон болсоноос хойш 10 гаруй жил өнгөрсөн боловч одоо болтол элсэх эсэх асуудлаар ямар нэг шийдэл гаргаагүй байна.Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Ази Номхон Далайн бүс нутгийн ямар нэг олон талт байгууллагат нэгдэн орж чадаагүй.Тухайлбал АПЕК, АСЕАН зэрэгт орох боломж хязгаарлагдмал, газарзүйн хувьд хол зэргээс харвал Монгол Улсын хувьд ШХАБ нь тус байгууллагын голлох улсууд болох Орос, Хятадад уригдсан цорын ганц бүс нутгийн интеграци юм.


ШХАБ гэж юу вэ?

1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстаны тэргүүнүүдийн уулзалтаар хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү баримтад тулгуурлан “Шанхайн тав” гэсэн улс төрийн нэгдлийн суурь тавигдсан.

Анх ШХАБ-ын үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх асуудалд төвлөрч байлаа.Тодруулбал, экстремизм, терроризм, сепаратизм гэсэн гурван “изм”-ын аюулыг сөрөн зогсох тухай асуудлыг голчлон хэлэлцдэг байж. Аажимдаа үйл ажиллагааных нь хүрээ тэлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон салбарыг хамрах болсон түүхтэй.

ХАБ-д оролцогч улсуудын хүн ам нь 1 тэрбум 455 сая бөгөөд нийт хүний нөөцөөрөө манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг нь болж байна.Тус байгууллага дэлхийд АНУ-ын дараа ордог хятадын эдийн засгийг оролцуулаад хүчирхэг эдийн засгийн нөөцтөй юм.


Энэ байгууллага НҮБ-д 2004 оноос ажиглагчийн статустай болсон юм.ШХАБ 1997 онд байгуулсан гэрээндээ хилийн бүсэд зэвсэгт хүчнийг харилцан адилаар хорогдуулахаар болж, энэ нь Ази Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах, анхны алхам байв. Зарим шинжээчид ШХАБ-ыг АНУ-ын эсрэг чиглэсэн Орос, Хятад тэргүүтний нэгдэл гэж үздэг.


ШХАБ дахь Монголын оролцоо 

Монгол Улс ШХАБ-ыг тус бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай болсон юм.

Ажиглагчийн статустай болсоноосоо хойш Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол  оролцож, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд зохистой түвшинд орлцохыг эрмэлзэж иржээ.

2007 онд Монгол Улс ажиглагч орнуудын дотроос хамгийн түрүүнд ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг өөрийн орондоо урьж айлчлуулсан.

ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдэг дээр өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэж байсан юм.Тэгвэл өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга саяхан болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр “ШХАБ-тай энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачиж, илүү идэвхтэй хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна.Ингэснээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай нөхцөл үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болно.” хэмээн мэдэгдсэн юм.

ШХАБ-ын өнөө жилийн уулзалт энэ сарын 9-10-нд Хятадын Чиндао хотод болно.Энэхүү дээд хэмжээний уулзалтад Энэтхэг, Пакистан, БНХАУ, Казахстан, ОХУ, Тажикстан зэрэг орнууд албан ёсны эрхтэйгээр оролцох юм. Харин манай улс болон Иран, Беларусь, Афганистан улс ажиглагчийн статустайгаар оролцоно. ШХАБ Ази-Европ дахь хүчээ өсгөхийн тулд Иранаас гадна манай улсыг жинхэнэ гишүүнээ болгохоор мэрийж байгаа гэсэн тайлбар анхаарал татдаг. Иран ШХАБ-ын гишүүн болбол ШХАБ-ын бүх улс бидний гуравдагч хөрш Америкийн хоригт орно гэсэн болгоомжлол бий. Өөрөөр хэлбэл бид энэ байгууллагын жинхэнэ гишүүн болвол Америкийн хоригт багтана гэсэн үг.