Х.Оргил
03 сарын 18, 2019
Монголбанк 2012 оноос алдагдалтай ажиллаж эхэлжээ.
Энэ нь Монголбанк уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ унаж, гадаад валютын орох урсгал татарсан үед Монголбанкнаас төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, өндөр зардалтай төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсантай холбоотой. Уг асуудал нь алдагдлын гол шалтгаан болсон аж.
Мөн дээр дурдсан уламжлалт бус бодлогоос үүдэн Монголбанкны 2016 оны алдагдлын
-22 хувийг санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал,
-16 хувийг гадаад валютын ханшийн тэгшитгэлийн алдагдал,
-15 хувийг зах зээлийн хүүгээс доогуур хүүгээр олгосон зээлийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдал,
-15 хувийг Хятадын ардын банкнаас авсан зээлийн хүүгийн зардал эзэлсэн байна.
Харин 2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, энэ хэмжээгээр хуримтлагдсан алдагдлыг бууруулсан аж.
2018 оны эцсийн байдлаар мөн тодорхой хэмжээний ашигтай гарсан. Одоогоор санхүүгийн тайлангаа олон улсын нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулах ажил хийгдэж байна Монголбанкны Тайлан бүртгэлийн газрын захирал Ц.Гарьд дурьдлаа.
Мөн тэрбээр 2018 онд хэрэгжүүлсэн “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны үр дүнд худалдан авсан алтны хэмжээ 22 тоннд хүрч, гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 3.5 тэрбум ам.доллар болж өссөн нь цаашид гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр алдагдалтай санхүүгийн үүсмэл хэрэгсэл гаргахгүй байх боломжийг бүрдүүлсэн" гэв.
Төв банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах явдал байдаг. Удаан хугацаанд алдагдалтай ажиллах нь төв банкны бие даасан, хараат бус байдал болон мөнгөний бодлогын үр нөлөөнд сөргөөр нөлөөлж, өөрийн гол үүргийн нэг болох инфляцийг нам түвшинд барих чадвараа алддаг гэж үздэг. Ингэснээр төв банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх эрсдэлтэй юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.