Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 22, 2017
Барилгын салбарынханд зөвхөн Монголдоо биш олон улсад хүч үзэх нэгэн гарц нээгдэж байна. Энэ бол ирэх 11 дүгээр сард болох Asia property awards юм. Азийн үл хөдлөх хөрөнгийн дээд шагнал “The property Guru” нь бүс нутгийнхаа шилдгийг шалгаруулах салбартаа нэр нөлөө бүхий арга хэмжээ юм. MGL international компани Монголоос шалгарах бүтээн байгуулагчдыг тодруулна. Ялагчид энэ оны сүүлээр Сингапурт болох “Asia property awards Grand Final”-д оролцож Азийн 17 орны бүтээн байгуулагчидтай өрсөлдөхөөр болж. Энэ талаар тус компаний гүйцэтгэх захирал Л.Энхтөрөөс тодрууллаа.
-Азийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд энэ шагналд өрсөлдөхийн тулд ямар шалгуур хангах ёстой вэ?
-Энэ шагнал бол Азийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх алтан стандарт юм. Тийм учраас шалгуур өндөртэй. Шалгуурын хувьд бүтээн байгуулагчийн нэр хүнд, имиж, нийгмийн хариуцлага, шинэлэг санаа, нээлт зэргийг харна. Бүтээн байгуулалтаас нь байрлал, үнэ цэнэ, дахин давтагдашгүй давуу тал, зай төлөвлөлт, барилгын чанар, материал гээд олон үзүүлэлтээр шүүдэг. Шалгаруулалтын үеэр үл хөдлөх салбарын шилдэг экспертүүд Монголд биечлэн ирж үл хөдлөхүүдийг үзнэ.
-Эдгээр шалгуурыг хангасан барилгын компани манайд хэр олон байна?
- Mongolian property awards-аас шалгарсан 20-иод төрөлд шалгарсан ялагч бий. Тухайлбал шилдэг зочид буудал номинацид Шангрила, худалдааны төвөөр "E март" шалгарсан. Үүн дээр ирэх сарын 22-ныг хүртэл үндэсний бүтээн байгуулагчдаа бүртгэж байна. Шалгаруулалтанд оролцоход үнэгүй. “The Рroperty Guru” бол шагнал төдий биш барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд туршлагажих боломж гарц юм.
-Азид манай үл хөдлөх хөрөнгийн зах зээл ямархуу байр суурьтай байна вэ?
-Манай үл хөдлөх хөрөнгийн салбар засгийн газраас хэрэгжүүлсэн дэмжлэг хөтөлбөрийн оролцоотойгоор хөгжиж ирсэн. Одоо харин илүү бүтээлч сэтгэлгээтэйгээр ажиллах цаг болсон. “The Рroperty Guru” зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагаар өөрсдийгөө хүрээлүүлж Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт татах, манай улсын үл хөдлөхийг олон улсын тавцанд гаргах цаг ирсэн гэж боддог.
-“The Рroperty Guru”-д ямар шалтгаанаар оролцох болсон бэ?
-Үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн нэр хүнд бүхий шилдгүүдээр үнэлүүлж, Азийн салбар нэгнүүдтэйгээ хамтран ажиллах боломжийг олж харах гээд энэ шагналд нэрээ дэвшүүлсэн.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.