“Степпе Арена” ХХК-ийн анхны томоохон төсөл болох улирал үл харгалзан ажиллах, Олон Улсын Олимпийн Хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбайтай “Мөсөн Өргөө” ордны шав тавих ёслол Шинэ Яармаг хороололд болж байна.

Тус компанийнхан Канадын  HDR|CEI, VDA  зэрэг спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжлийн байгууллага, архитекторчдоос үнэтэй зөвлөгөө авч, хамтран ажиллаж байгаа  бөгөөд мөсөн дэвжээний байгууламжийг Австри улсын нэртэй, туршлагатай AST компани хийхээр шалгарсан байна. 

Манай улсад ийм төрлийн барилга  байгууламж барьж байгаагүй учраас Хойд Америк, баруун Европын  компаниудын дунд сонгон шалгаруулалт зарлаж, бүтээгдэхүүн нийлүүлэх, угсрах, ашиглалтад өгөх, сургалт зохион байгуулах багц гэрээ, хэлэлцээрийг хийж байгаа аж. 

Бичлэг үзэх: 


“Мөсөн Өргөө” нь хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг танхимын спорт мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой байх юм. Тус ордон нь 2600 хүний  суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдоно.

“Мөсөн Өргөө” ордны загвар зураг, барилга угсралтын ажлын зургийг монгол залуу архитекторчдоос бүрдсэн “Анаграм” ХХК-ийнхан бүтээсэн байна. Барилга угсралтын ажил 2020 оны 7 дугаар сард дуусах ба мөн оны 8 дугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастик, ширээний теннис, таэквондогийн тэмцээнийг тус ордонд хийхээр зохион байгуулагчид төлөвлөж байгаа гэнэ.

Энэхүү ордныг барих төсөлд “Степпе купер”, UPC, “Ачит- Ихт”,  “МАК” зэрэг үндэсний компани хөрөнгө оруулан хамтран ажиллаж байгаа бөгөөд ордны бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах эрх аж ахуйн нэгж, иргэдэд нээлттэй байх ажээ.