Л.Баяржаргал
08 сарын 29, 2017
Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, “Бичил аян эздийн хоршоо” -ны жолооч нар өнөөдөр Нийслэлийн засаг дарга С.Батболдод шаардах бичиг хүргүүллээ.
Тус шаардах бичигт “Бичил аян эздийн хоршооны жолооч нар өөрсдийн хувийн хөрөнгө болох микробусаар нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү үйлчилгээндээ үе шаттай парк шинэчлэлт хийх зорилгоор бид үндэсний үйлдвэрлэгч “Экобус” ХХК-д санал тавьж дунд болон том оврын таван автобус захиалан хийлгээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Гэвч тус автобусуудаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нийслэлийн удирдлагууд олгохгүй байна. Харин үүний оронд Солонгос улсын, ашиглалтын хугацаа дууссан хуучин автобусуудаар нийтийн тээврийн үйлчилгээг хангах гэж байгааг бид эсэргүүцэж байна. Тиймээс эх орондоо үйлдвэрлэсэн эко автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэн даруй оруулах зохицуулалт хийж өгөхийг шаардаж байна” гэжээ.
Тус шаардлагыг биелүүлж, есдүгээр сарын 1-ний дотор хариу ирүүлэхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжих болно гэж “Бичил аян эздийн хоршоо”-ны дарга Г.Баатар хэллээ. “Бичил аян эздийн хоршоо” нь Айсо болон микробус маркийн 350 автобусаар Нарантуул захаас 15 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.