Mongolia Youth Leadership forum: Дэлхийн залуучуудын энхтайвны сайн дурын ажил эхэлнэ

Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 29, 2023

“Зүүн хойд Азийн энх тайвны хөгжил болон Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум”-ын хүрээнд Залуучуудын яриа хэлэлцээг ток шоу хэлбэрээр зохион байгуулав.Энэхүү яриа хэлэлцээг өнгөрсөн жилээс эхлүүлсэн бөгөөд энэ удаад сурагч, оюутан залуус олноороо өөрсдийн хүсэл сонирхолд хөтлөгдөн, бусдадаа мэдлэгээ түгээхийн зэрэгцээ илүү ихийг сурч мэдэхээр Монгол Улсыг зорин иржээ. 


“ОЛОН ОРНЫ ЗАЛУУСТ МОНГОЛ ЗАЛУУСААС СУРАЛЦАХ ЗҮЙЛ БАЙДАГ ЮМ БАЙНА ГЭДГИЙН ИЛЭРХИЙЛЭЛ”

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Түүхийн тэнхимийн профессор Д.СЭРДАРАМ:

-Залуучуудын чуулган өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна. Та энэхүү чуулганаас юуг онцлон сонирхуулах вэ?

-Өнөөдөр залуучуудын чуулган ийм өргөн хэмжээнд болно гэж бодоогүй. Залуус өөрсдийнхөө хүсэл зорилгоор, мөнгөө төлөөд оролцож байна. Өөрсдийхөө байр сууриа илэрхийлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж, мөн гадны туршлага судлахаар сонирхож ирнэ гэдэг маш чухал. Цагаа зарцуулаад, олуулаа ирж байгаа нь чухал. Энд ирснээрээ залуус маш их мэдлэг мэдээлэл, хүсэл эрмэлзэл авч байгаа байх гэж бодож байна. Солонгос хүүхдүүд ч, хятад хүүхдүүд ч байна. Гаднын төлөөлөгч, судлаач эрдэмтэд “Танай хүүхдүүд нэгдүгээрт, ямар ч айдасгүй, өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байна” гэж ярьж байна. 

-Тийм шүү. Үнэхээр бахархмаар байна... 

-Энэ бол маш том давуу тал. Айдасгүй гэдэг нь эх захгүй гэдэг утгаар биш, ингээд хэлчихвэл яах бол, тэгээд хэлчихвэл яах бол гэсэн айдасгүй мэдэж, сурч, ярьж байна гэсэн үг. Мөн “Танай хүүхдүүдийн хэлний мэдлэг үнэхээр сайн байна” гэж магтаж байна. Манай “My club” клубээс дөнгөж аравдугаар ангийн хүүхэд илтгэл тавьж байна. Том, туршлагатай судлаач, профессоруудтай зэрэгцэж суугаад илтгэл тавина гэдэг бол маш том алхам. Энэ бол манай клубын аравдугаар ангийн жаахан хүүхдийн хийсэн алхам биш, Монголын залуучууд өөрсдийнхөө хийсэн бүтээсэн, зорьсон, мөрөөдөж буй зүйлээ олон нийтэд танилцуулна гэдэг хамгийн чухал. 

-Форумаас шинэлэг санал, үйл ажиллагааны чиглэл гарч байна уу? 

-Өнөөдөр бас нэг ярьж байгаа зүйл нь Дэлхийн энхийн сан (Peace foundation)-гаас Залуучуудын энх тайвны сайн дурын ажил гэдэг ажлыг эхлүүлэхээр болж байна. Түүнд Монголын залуус маш идэвхтэй хамтарч оролцоосой гэж хүсч байна. Хуучин Жон Кеннедийн байгуулсан “Энхтайвны корпус”-ыг дахин шинээр, НҮБ-тай хамтран өргөтгөж байгаа юм байна. Энэ нь бид зөвхөн гаднаас суралцах биш, дэлхийн олон орны залууст монгол залуучуудаас суралцах, хуваалцах зүйл байдаг юм байна гэдгийн илэрхийлэл юм даа. Миний хувьд өнөөдрийн чуулганд сэтгэл маш их ханамжтай байна.


“ЭХ ОРОНДОО ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ИРЛЭЭ, ХӨГЖИЛ МЭДРЭГДЭЖ БАЙНА”

Чуннам үндэсний их сургуулийн Улс төр, дифломат хэргийн ангийн IV курсын оюутан Э.ЯЛАЛТ:

-Солонгосоор чөлөөтэй яриад, найзуудтайгаа хөгжилдөхийг хараад солонгос хүн байна гэж бодлоо. БНСУ-д ямар мэргэжлээр суралцаж байна вэ? 

-Би БНСУ-ын Чуннам их сургуулийн Улс төр, дипломат хэргийн ангийн дөрөвдүгээр курсэд суралцаж байна. Монгол эх орондоо таван жилийн дараа ирлээ. 

-Өөрчлөлт, шинэчлэлт мэдрэгдэж байна уу? 

-Би дөнгөж ахлах сургуулиа төгсөөд, Солонгос руу явсан. Эх орондоо буцаад ирсэн чинь өөр улсад ирсэн юм шиг мэдрэмж авсан. Хот маань тэлээд, илүү өргөжсөн санагдаж байна. Онгоцны шинэ нисэх буудалтай болсон байна. Маш их таалагдсан. 

-Солонгосын боловсролын систем манайхаас өөр байна уу? Сурч, боловсрол эзэмшихэд хэр таатай орон бэ? 

-Би Монголд их сургуульд сураагүй болохоор яг харьцулж сайн мэдэхгүй байна. Ер нь Солонгост сурах хүсэл эрмэлзэлтэй хүн маш сайн сурах боломжтой гэж би боддог. Багш нар ч их сайн, туршлагатай, мэдлэгтэй. Би гадаад хүн учраас багш нар тийм байдлаар хандаж харьцах байх гэдэг үүднээс жаахан болгоомжилж байсан. Гэтэл яг л солонгос хүмүүс шиг хандаж, шалгалтаа хүртэл солонгос хүмүүс шиг хийх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Энэ нь боловсролын систем нь харьцангуй сайн болохыг харуулж байгаа болов уу. 

-Солонгос хөгжилтэй орон. Манай залуус солонгос залуусаас юу сурч, мэдээсэй гэж хүсдэг вэ? 

-Мэдээж Монгол Улс хөгжлийн хувьд Солонгосоос бага гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэхдээ Монгол, Солонгосын орчин үеийн, одоогийн залуусыг харьцуулахад нэг их хол зөрөө байхгүй гэж бодож байна. Монголчууд ардчилсан нийгэмд байгаа учраас бүгдээрээ хичээвэл бүгдийг сурч болдог.

-Солонгос хүнээс ялгарахгүй солонгосоор маш сайн ярьж байна шүү. Хаана солонгос хэл сурсан бэ? 

-Би солонгос хэлний ямар ч мэдэгдэхүүнгүй очоод, Солонгост сурсан. Их сургуульд орохыг маш их хүсч байсан болоод ч тэр үү хэлний бэлтгэлд суугаад, гурван сар өөрөө маш хурдан сурсан. Дунд түвшний мэдлэгтэй бол их сургуульд ордог. Шалгалт өгч үзье гэж бодоод өгсөн, тэнцээд сургуульдаа орж байсан. 

-Ямар шалгуураар энэ форумд оролцох төлөөлөгч оюутнаар сонгогдов? 

-Энэ форумд Солонгосоос 15 хүний бүрэлэхүүнтэй баг ирсэн. Манай багш сая хэллээ. Бид хоёр төрлийн ажил хийх ёстой. Эхнийх нь, Солонгосын хойгийн аюулгүй байдал, хоёр Солонгосын харилцааны асуудлыг хэлэлцэх форумд оролцох, хоёр дахь нь мод тарих байсан. Энд оролцох хүсэлтэй хүүхэд байвал бүртгүүлээрэй гэсэн. Эхлээд нэрээ өгөөд, дараа нь юу юу хийх тухайгаа бичиж шалгуулаад, Солонгосын сангаас тэтгэлэг аваад ирсэн.

-Солонгост Хойд Солонгосын “дайсагнал” жирийн иргэдэд мэдрэгдэх юм уу? Хэр түгшүүртэй байдаг вэ? 

-Нийгэмд нь Хойд Солонгосоос айж эмээсэн байдал, тийм айхтар нөлөөлөл байхгүй. Хааяа Хойд Солонгос пуужин туршиж байгаа тухай мэдээлэл ирдэг. Болзошгүй ийм аюул байх магадлалтай тул "доошоо" буугаарай гэсэн сэрэмжлүүлэг анхааруулга өгдөг. Саяхан ийм мэдээлэл ирсэн тухай сонсож байсан. Миний амьдардаг хот БНСУ-ын төвд байрладаг учраас санаа зовоод байх зүйлгүй байдаг. Би улс төр судлал, дипломат чиггэлэлээр сурч байгаа учраас өдөр бүр багш нарынхаа ярианаас Хойд Солонгосын талаар тодорхой, товч мэдээлэл авдаг.

-Хөндлөнгөөс харахад, хоёр Солонгос нэгдэх боломжтой санагддаг уу? 

-Өмнө нь хоёр Германыг нийлэх боломжгүй л гэж тухайн үедээ дүгнэцгээж байсан. Нэг нь хэт ядуу, нөгөө нь ардчилсан нийгэм рүүгээ илүү ойртсон байдалтай байсан. Боломжгүй гэж үзэж байсан ч одоо ХБНГУ гээд нэг л улс байна шүү дээ. Ямар ч байсан хоёр Солонгос нэгдэх боломжгүй биш, хэзээ нэгэн цагт нэгдэх байх гэж боддог. Тэр хүртэл хэчнээн цаг хугацаа зарцуулах бол гэдэг л асуудал бий. Магадгүй хэдэн арван жил, мянган жил ч зарцуулагдаж болзошгүй. Тэр цаг хугацааг богиносгох нь чухал байх. 

-“Mongolia forum” хэр ач холбогдолтой болж байна гэж хэлэх вэ? 

-Форум хийснээр хоёр Солонгос нэгдэнэ гэж ойлгож болохгүй. Харин хоёр тал бие биенээ илүү зөвөөр ойлгож чадвал нэгдэл ойрхон. Хоёр улсын нэгдэл бусад улсуудад ч илүү тааламжтай, сайн туршлага болно. Энэ форумын ач холбогдол ч үүнд оршиж байна гэж би бодож байна.

-Дөрөвдүгээр курсын оюутан, төгсөөд Монголдоо ирж, мэдсэн сурсанаа нутагшуулах бодол бий юу? 

-Үргэлжлүүлээд сурах бодолтой байна. Гэхдээ одоогийн байдлаар шийдвэрээ хараахан гаргаж амжаагүй, багш нартайгаа ярилцана. Цаашид улс төр, дипломат хэрэг, аюулгүй байдал, гадаад хэргийн чиглэлээр суралцах сонирхол бий. 

-Монгол залуус гадны орон руу, ялангуяа Солонгос руу их явж, “хар” ажил хийж байна. Тэднийг эх орондоо сайхан амьдрахад нь төр засгийн зүгээс ямар алхам хийж, “тогтоон бариасай” гэж боддог вэ? 

-Тогтоон барих гэхээсээ илүү энэ нь хөгжлийн л нэг хэлбэр, жишээ гэж би бодож байна. БНСУ яг л ийм хэцүү байх үед иргэд нь Герман улс ч юм уу гадаадын оронд очоод, “хар” ажил хийгээд, ихийг суралцсаны үр дүнд одоогийн эх орны хөгжилд хүрсэн гэж боддог. Тиймээс хоёр улс хоорондоо зөв системээр зөв ажилтан бий болгох хэрэгтэй. Гадаадад монголчууд “харлалаа” гэдэг. Энэ зүйлийг багасгахын төлөө бодлогын түвшинд шийдвэр гаргаж, илүү ажиллах нь хамгийн зөв зам болов уу. Зарим хүмүүс визгүй ажиллаж амьдарснаас болж, оюутан бидний визний асуудалд нөлөөлдөг. Жил бүр өөрчлөлт орох зэргээр хүндрэл их гардаг. 


"МОНГОЛЫН ОД ИХ ГАЙХАМШИГТАЙ ГЭЖ СОНССОН, ТИЙМЭЭС ОДОД ТҮГЭХИЙГ ХАРАХЫГ ХҮСЧ БАЙНА"

Йонсей их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны ангийн оюутан Чон ЕЭ РИН:

-Монгол Улсад анх удаа зочилж иржээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

-Монголд ирэхэд цаг агаар маш таатай байсан учраас үнэхээр гоё санагдсан. Онгоцноос буугаад л тал нутаг харагдсан. Эрх чөлөө гэдэг энэ байна даа гэж бодоод, өөрийгөө дахин "цэнэглэсэн". 

-Олон монгол найз нөхөдтэй болж байгаа байх аа. Монгол залуусын талаар ямар бодолтой байна вэ? 

-Бид ирсэн даруйдаа өдрийн хоолоо өөрсдөө зохицуулахаар гарсан. Англи, монголоор залуучуудаас асуухад бүгд өөрсдөө зааж өгөөд, ямар хоолны газар гоё байдаг талаар хүртэл хэлж өгч, чин сэтгэлээсээ тусалж байсан нь үнэхээр их таалагдсан. Ер нь өөр оронд ирээд яах бол гэсэн бодолтой байсан, тэдгээр залуусын тусалж байгааг хараад айх айдасгүй болсон. 

-Анх Монголын талаар ямар төсөөлөлтэй байсан бэ? Яг юу үзэж сонирхох хүсэлтэй байна вэ? 

-Монгол Улсыг Чингис хаанаар сайн мэдэж байсан. Монголд ирнэ гэж төлөвлөж байсан. Монголын нүүдэлчин ахуйг их сонирхож байна. Мөн Монголын од их гайхамшигтай гоё гэж сонсож байсан. Тиймээс одод түгэхийг харахыг маш их хүсч байна. 

-Солонгосоос хэдүүлээ ирсэн бэ? 

-Нийт 15-уулаа ирсэн. Ер нь Хойд Солонгосын асуудлыг сонирхдог хүмүүсийн төлөөлөл гэж ойлгож болно. Бидний дунд зарим нь бие биенээ танихгүй хүн ч бий. Би энэ чиглэлийн бүлгэмд явдаг, тэгээд ирсэн. 

-Өмнөд Солонгосын залуучуудын төлөөлөл та хоёр Солонгосын нэгдлийн асуудлаар ямар бодолтой явдаг вэ? Нэгдэж нийлнэ гэсэн итгэл найдвар бий болов уу? 

-Шинэ үе түрэн гарч ирэх хэрээр хоёр Солонгосын нэгдлийн тухай асуудал мартагдаж болзошгүй байдалтай байна. Урьд нэг үндэстэн байсан, одоо хоёр өөр улс болсон учраас шинэ үе солигдох тусам түүнийг мартаж эхэлж байна. Тиймээс хоёр Солонгосын нэгдлийн төлөө сэтгэлтэй маш олон залуус гарч ирэхийг үнэхээр их хүсч байна. 


“МОНГОЛ УЛС ИРЭЭДҮЙН БОЛОВСОН ХҮЧНҮҮДЭЭ ХЭДИЙНЭ БЭЛТГЭЧИХСЭН ЮМ БАЙНА”

Солонгосын ахмад дайчдын холбооны Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн доктор, профессор ТАЙ ЖОН НА:

-Өнөөдрийн форумаас та ямар үр дүн хүлээж байна вэ? 

-Монгол, солонгос залуус гар гараасаа барилцаад, урагшаа алхдаг тийм гайхалтай ирээдүйг бүтээвэл сайхан байна. Бид форумдаа оролцоод, Монгол Улсад мод тарьж, зөв арчлах, услалтын системийг зааж өгөөд, өөрсдөө хэрэгжүүлэх зорилгоор ирсэн. 

-Солонгосын хойгийн асуудал хурцадмал хэвээр байна. Таны бодлоор Зүүн хойд Азийн аюулгүй байдал хэр хангалттай байна вэ? 

-Хэзээ юу болохыг хэн ч тааж мэдэхгүй. Тийм учраас аливаа зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хамгийн чухал. 

-Жилийн жилд Хойд Солонгос, Өмнөд Солонгос нэгдээд, хүчирхэг нэг улс болоосой гэдэг үүднээс Улаанбаатарт яриа хэлэлцээ өрнөдөг. Үүнд хүн бүрийн үүрэг, хүчин чармайлт чухал болов уу. Та энэ талаар юу хэлэх вэ? 

-Тийм ээ. Хоёр Солонгос нэгдэх тухай асуудал хүний хүчин чармайлтын асуудал. Хүн тус бүр үүнд анхаарлаа хандуулж, хүчин чармайлт гаргаснаар хоёр улс нэгдэх боломжтой гэж би боддог.

-Та түрүүн мод тарьж, арчлах талаар зөвлөгөө өгөх тухай ярилаа. Ер нь ажиглахад, монголчууд бид мод тарьж чадаж байна уу? 

-Аль ч улс ялгаагүй л мод тарьж байна. Мод тарих нь маш чухал асуудал ч гэсэн гол нь зөв арчлах хэрэгтэй.

-Өмнө нь та Монгол оронд ирж байв уу? Таныг гайхашруулсан ямар зүйл байв? 

-Монголд анх удаа ирсэн. Бага, ахлах сургуулийн сурагчид солонгос, англи хэлээр чөлөөтэй ярьж байгааг хараад маш их гайхсан. Тиймээс Монгол Улс ирээдүйн боловсон хүчнүүдээ хэдийнэ бэлтгэчихсэн юм байна гэж бодсон. 

Холбоотой сэдвүүд

аюулгүйбайдал энхтайван

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.