Монгол Улсад мэдээллийн технологийн салбарынхны хамгийн том цугларалт, томоохон форум энэ сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Mindgolia” уриан дор болно. Тодруулбал, Монголд хоёр жил тутамд зохион байгуулдаг “ICT EXPO"-гийн энэ оны форумд дэлхийн технологийн тэргүүлэгч компаниуд болох Google, Amazon, Huawei, NAVER-ын төлөөллүүд оролцож, “Dell”, “Microsoft” компаниуд дэмжин ажиллахаар болжээ.

Байгаль дэлхийдээ ээлтэй ухаалаг шийдлийг сонгох үүднээс зохион байгуулагч нар тараах материал, цаасан сурталчилгаа, хэвлэмэл хөтөлбөр зэргийг ашиглалгүй мини апплейкейшн, дижитал самбар, QR код зэрэг технологийг ашиглан анхны цаасгүй экспог зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

“ICT EXPO-2023" Монголын анхны цаасгүй экспо болж зохион байгуулагдана.

Мэдээлэл технологийн үндэсний парк, дэмжигч байгууллагаар БШУЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, үндэсний 150 гаруй компани, үндэстэн дамнасан олон улсын 10 гаруй байгууллага хамтран ажиллаж буй “ICT EXPO-2023" гурван өдөр үргэлжилж, соёл, спортын 18 үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна. Үүнд: 

“The Hu” хамтлаг метаверс хэлбэрээр тоглоно,

Лазер шоу, холеграм тайз болон гэрлийн үзүүлбэр,

скүүтэр уралдаан, косплей шоу, e-sport-ын тэмцээн,

технологын салбарын ажлын байрны үзэсгэлэн,

Старт-ап шоукейс зэрэг олон нийтийг хамарсан энтертайнмент шоу болох юм.

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгийн мэдээлснээр, Монгол Улс бүс нутагтаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хурдацтай хөгжиж байгаа улс орны нэгээр нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн. 

“ICT EXPO-2023”-г бүс нутагтаа үнэлэгдээд буй үнэлэмжээ бататгах, технологийн салбарын чадамж, нөөц бололцоо, боломжоо олон улсад төдийгүй дотооддоо сурталчлах, экспортын боломжуудыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээж өгөх, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.