Монголын Оюун Ухааны Академийн гэрээт салбарыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод нээхээр болжээ. 

Гэрээт салбар нээх гэрээнд өнөөдөр Монголын Оюун Ухааны Академийн ерөнхий захирал Х.Хатанбаатар, тус салбарыг үүсгэн байруулагч Д.Мөнхбат нар гарын үсэг зурлаа. 

Ирэх 9 дүгээр сард хийх тус салбарын нээлтэд Х.Хатанбаатар захирал оролцож, Өмнөговь аймгийн хүүхэд, залуус, эцэг эхчүүдтэй уулзах юм байна. Одоогоор Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгуудад академийн гэрээт салбарууд үйл ажиллагаагаа амжилттай явуулж, олон зуун хүүхдийн оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй юм.

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид тив дэлхийд болж буй олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож, оюуны спортын хэд хэдэн төрлөөр дэлхийн рекордыг эвдэж, Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж буй юм. Тухайлбал тус академийн ихэр тамирчид болох Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээний рекордыг шинэчилэн тогтоосон амжилтаараа өнгөрсөн сард Геннисийн номд бичигдсэн билээ.