Цагаан сараар 128 бөхийн барилдаан болох эсэх асуудал өнөөдөр эцэслэгдлээ.

Тодруулбал, Сар шинийн баяраар 128 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Монголын Үндэсний бөхийн холбоо өмнө нь мэдээлсэн. Харин өнгөрсөн лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан бөхийн барилдаан зохион байгуулах боломжгүй гэсэн юм.

Улсын онцгой комиссын уг мэдээллийн дараа Монголын Үндэсний бөхийн холбооноос 128 бөхийн барилдааныг бөхчүүдээс шинжилгээ авч тусгаарлаад орон нутагт буюу коронавирусийн голомтгүй газар байгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Сумъяабазарт албан бичгээр хүргүүлсэн. 

Гэвч Шадар сайд бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэдгээ өнөөдөр дахин мэдээллээ.

Иймд МҮБХ Сар шинийн барилдааныг зохион байгуулах боломжгүй боллоо гэдгээ дөнгөж сая мэдэгдлээ.

МҮБХ-ны тус албан бичигт:

"Сар шинийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдах боломжгүй боллоо. 

Даяаршлын өнөө үед Монголчууд бусдаас ялгагдах өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлж байх нь бид бүгдийн үүрэг бөгөөд энэхүү өв соёл, уламжлалаасаа аажмаар холдож, бүх талаараа дэлхийн хамгийн хоцрогдсон, дорой буурай үндэстний хэв шинжийг улам бүрдүүлсээр байгаа нь харамсалтай" гэжээ.

МҮБХ-ноос гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.