Сар шинийн баяраар 128 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Монголын Үндэсний бөхийн холбоо өмнө нь мэдээлсэн. Харин өчигдөр Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан бөхийн барилдаан зохион байгуулах боломжгүй гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбооноос 128 бөхийн барилдааныг зохион байгуулахыг дэмжиж шийдвэрлэж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Сумъяабазарт албан бичгээр хүргүүлжээ.


Хүсэлт бүхий тус албан бичигт:

"Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод тодорхойгүй шалтгааны улмаас нэмэгдсэнтэй холбогдуулан барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул энэхүү барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж байна. 

Иймд НОК-оос МҮБХ-нд Сар шинийн барилдаанд барилдахаар цахимаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. 

Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг МҮБХ бүрэн хариуцах бөгөөд нислэгийн 2 онгоцны захиалгыг өгсөн байгаа болно" гэжээ.


Бүрэн эхээр нь хүргэж байна.