“Ноёд” группийн Ерөнхийлөгч, МУГЖ Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндорж өнөөдөр гэр бүлийнхний хамтаар мэдээлэл хийлээ. Тэд прокурорын байгууллагад тодорхой 3 шаардлага хүргүүлж, шийдэгдэх хүртэл нь гэр бүлээрээ Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт хийж, Г.Буяндорж нь өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Мэдээллийн үеэр Г.Буяндорж "2011 оноос хойш БНХАУ-ын иргэн Шанду Шин гэдэг хүний гомдлоор иргэн Г.Буяндорж миний бие болон миний ах дүү нарын 5 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хүн 2014 онд Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр гарсан байна. Түүнийг ӨНХАУ-д ажиллаж амьдарч байхад би Хорих 416 дугаар ангид 409 хоног цагдан хоригдож, 16 удаа шүүгдэж, 25 тэрбум төгрөг бүхий компанийнхаа эд хөрөнгийг алдсан. 

Энэ асуудлаарх сүүлийн буюу 16 дахь шүүх хурал 2019 оны 4 дүгээр сард болж, Улсын Дээд шүүхээс уг хэргийн хохирогч нь Шанду Шин гэдэг хүн биш, нэхэмжлэгч нь ч хятад хүн биш байна гэж дүгнэсэн.

Гэтэл хонгилын прокурорууд 10 жилийн турш "хонгилынхоо" талд үйлчилж шийдвэр гаргасан байна. Энэ нь Дээд шүүх дээр хүчингүй боллоо. Үүний цаана 4-5 прокурорын асуудал яригдана.

Тиймээс намайг болон манай гэр бүлийг 2011 оноос хойш нэр бүхий прокурорууд шударга бусын хонгилоор чирсэн асуудлыг шалгуулахаар Прокурорын ёс зүйн хороонд би өргөдөл гаргаж байна. Прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлон хамгаалах ёстой гэж заасан байдаг. Энэ дагуу надад хэрэг үүсгэн шүүж, хорьсон үндэслэлийг тайлбарлахыг шаардаж байна. Эзэнгүй хэрэгт намайг гүтгэн ялласан нь Дээд шүүхийн тогтоолоор батлагдсан.

Мөн би Монгол Улсын иргэний хувьд надтай холбоотой асуудал болон миний компанийг бүлэглэн авсан прокуроруудын асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргаж өгөхийг шаардаж байна.

Дээр дурдсан БНХАУ-ын иргэний компани 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан. Гэвч Монгол Улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэдгийг албаны хүн нь бичгээр гаргаж өгсөн. Төрийн байгууллагын эрх бүхий хүмүүс нь энэ мэт нотлох баримтуудыг гаргаж ирж байхад гэмт хэрэг илрүүлэх хүмүүс нь ял оноохгүй байна.

Энэ асуудлуудаар Улсын ерөнхий прокурорт шаардлага хүргүүлж байна. Шийдвэрлэж өгтөл манай гэр бүл Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр бүлээрээ суулт хийж, би өөрөө өлсгөлөн зарлана" хэмээлээ.