Монгол хүүхдүүдийн хайртай дүрүүд болох Мөнх Тунхын “Ямар нэг юм аварсан нь” бүрэн хэмжээний анхны бүтээл өчигдөр нээлтээ хийлээ.

Gertoon анимэйшний уран бүтээлчид уран бүтээлээрээ хүүхдүүдэд хэрэгтэй санааг заавал үлдээдэг. Тухайлбал “Мөнх Тунх”-ын “Болдоггүй бор өвгөн" байгаль хамгаалах нь уул ус тахиж, модонд хадаг уях бус үйлдлээ зөв байлгах ёстойг анхааруулдаг. Энэ удаа харин “Ямар нэг юм аварсан нь бүтээлдээ уламжлалт өв соёл, эх хэл яагаад чухал болохыг хүүхдүүдэд таниулахыг зорьжээ. 

Мөнх, Тунх хоёр Грэмикс, Арваагаас тусламж аван үлгэрийн ертөнцийг аврах аялалд хамт гарах адал явдлаар дүүрэн уг бүтээлийг бүтээхэд уран бүтээлчдийн багийнхан бүтэн улирлыг зарцуулсан аж.

Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой “Ямар нэг юм аварсан нь” бүрэн хэмжээний анимэйшн өнөөдрөөс эхлэн албан ёсоор бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.

Сонирхуулахад  тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Бат-Оргил монгол гэр, нүүдэлчин аж ахуйгаас сэдэвлэн хүүхэлдэйн кино хийх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн энэхүү ажлыг эхлүүлжээ. Энэ хугацаанд түүний баг “Мөнх Тунх” цуврал 50 гаруй анимэйшнийг бүтээгээд байна.