Г.Сайнзаяа
11 сарын 27, 2019
Урьд өмнөх үеийнхнийг бодвол мянганыхан сэтгэл зүйчид цаг зарцуулахаас төвөгшөөдөггүй. Ажлын байр, гэрлэлт, их сургуулийн сургалтын төлбөрийн өрнөөс өөр ямар асуудал тэднийг зовоодог вэ. “Хариулт нь эцэг, эхчүүд” хэмээн Empowered Connections хэмээх сэтгэл заслын төвийг үүсгэн байгуулагч, сэтгэл засалч Дебора Дали Huffington Post-д ярьжээ.
Тэрбээр “Дэлхий нийтээр эцэг, эх төвтэй нийгмээс хүүхэд төвтэй нийгэм рүү шилжсэнээр өнөө үеийнхэн тодорхой зарчмын бүтээгдэхүүн болж хувирсан. Үр дүнд нь бүх зүйлд нь оролцдог, бүх зүйлийг нь бэлэнчилж өгч, амьдралд бэлэн биш хүүхдүүд өсгөж байна гэж мянганыхан өөрсдөө гомдол мэдүүлдэг болсон” хэмээв.
Эцэг, эх маань миний бүх асуудалд оролцдог байсан. Одоо би насанд хүрсэн хүн шиг байж чаддаггүй.
“Мянганыхны эцэг, эхчүүд хүүхдийнхээ амьдралд маш их оролцдог, бүх юмыг нь бэлдэг, бүх зүйлд нь туслах гэж хичээдэг. 28 настай хүний өмнөөс ээж нь сэтгэлзүйч рүү залгаж цаг авч байгаа бол энэ асуудал. Үүнээс болж мянганыхан бие даасан насанд хүрэгч болж өөрсдийн асуудлаа шийдвэрлэх чадамжгүй болж байна” Тара Гриффит - Сан Франциско Wellspace SF.
Эцэг, эхийнхээ шалгуурт би тэнцдэггүй. Тэдний хувьд би бүтэлгүй нэгэн.
“Эцэг, эх-хүүхдийн харилцаанд тулгардаг томоохон асуудал бол хангалтгүй байх. Мянганыхны эцэг, эхчүүд шаардлага өндөртэй, бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь нийтлэг. Тэд хүүхдээ амжилттай байхыг хүсдэг нь нөгөөтэйгүүр амжилтад хүрч чадаагүй бол “бүтэлгүй амьтан” болгож санагдуулдаг. “Эмэгтэй хүн ийм байдаг, эрэгтэй хүн ийм байх ёстой” гэх мэт үг сонсож өсөх сэтгэл санааны хувьд дарамт болдог” - Дебора Дали.
Эцэг, эх маань надад сэтгэлзүйч хэрэгггүй гэж боддог.
“Үйлчлүүлэгчдийн маань эцэг, эх сэтгэлзүйчид хандахын ач холбогдлыг ойлгодоггүй, сул дорой хүн л сэтгэлзүйчид ханддаг гэж боддог. Үнэн хэрэгтээ сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, сөрөг бодлуудаа өөрөө удирдаж зохицуулна гэдэг амар асуудал биш. Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, тус дэм болж чадахгүй хэрнээ мэргэжлийн туслалцаа авах боломжийг нь хязгаарлах буруу” - Жина Делукка. Сан Франциско Wellspace SF.
Эцэг, эх маань өвөө, эмээ болсон ч бүх зүйлд оролцдог зангаа тавиагүй.
“Мянганыхан эцэг, эх болсон ч ээж, аав нь хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, яаж асрахад нь оролцсоор байдаг. Эцэг, эхийнхээ үзэл бодол, санааг өөрийн болон хамтрагчийнхаа өмнө тавихад асуудал ургана шүү дээ. Эцэг, эх байна гэдэг бие даасан аялал гэж болно. Энэ аялалд гармагцаа мянганыхан ээж, аавын зүгээс шүүмжлүүлж байна. Зөв шийдэл бол өөрийн гэсэн хил хязгаараа тогтоож энэ талаар эцэг, эхтэйгээ ярилцах” - Лиз Хиггинс. Даллас.
Эцэг, эх маань миний санхүүгийн асуудалд хэт их хошуу дүрдэг.
“Мянганыхны эцэг, эхчүүд хүүхдийнхээ хувийн орон зай, хил хязгаарыг хүндэлдэггүй. Ялангуяа санхүүгийн асуудалд нь бараг ичгүүргүйгээр оролцож байна. Эцэг, эхчүүд нь тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлмэгцээ өөрсдөдөө үүд хаалга нээлээ гэж боддог. Харин жинхэнэ насанд хүрсэн хүн гэж санхүүгийн хувьд бие даан оновчтой шийдвэр гаргах чадвартай хүнийг хэлнэ шүү дээ” - Женнифер Стоун. Нью Йорк
Эцэг, эх маань сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдахыг заагаагүй.
“Үйлчлүүлэгчдээсээ байнга сонсдог зүйлсийн нэг бол сөрөг сэтгэл хөдлөлөө удирдахыг зааж өгөөгүй гэх гомдол. Сэтгэл гутрал бол хүн бүрт тохиолддог энгийн зүйл, үүнд нэг их ач холбогдол өгөлгүй давж туулахыг мянганыхны эцэг, эхчүүд хангалттай зааж өгөхгүй байна. Үүний дүнд тэд өөрсдөө сурах мөн чанараа гаргаж, эм ууж, архидан согтуурч, өөр бусад сөрөг зуршлаар сатаарч, сэтгэл гутралаас бүх чадлаараа зугтахыг оролддог. Үнэндээ сэтгэл гутрал бол хэнд ч, хэдэн ч удаа тохиолдож болох, өөрийгөө хатуужуулж, илүү дээр шийдлийг олох боломж юм шүү дээ. Үүнтэй тэмцэж, дарах шаардлагагүй, нүүр тулж, даван туулж, нэгийг сураад үлдэх л чухал” - Дебора Дали.
мянганыхан сэтгэл судлал хүмүүжил хүүхдийн хүмүүжил төлөвшил
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.