“Боломж гарах бүрт хүүхдийнхээ гараас нь хөтлөөд хамтдаа алх. Хэсэгхэн хугацааны дараа тэр том болж танд гараа өгөхөө болино” хэмээн нэгэн сэтгэл судлаач хэлсэн байдаг. 

Эцэг эхчүүд бидний үр хүүхдийнхээ төлөө хийж буй бүх зүйл эргэж ирдэг. Итгэл, хүндлэл дүүрэн орчинд өссөн хүүхэд бусдад итгэж сурдаг. Хүүхдийг хайрлаж, бүх зүйлд нь дэмжлэг үзүүлж өсгөвөл, тэр ирээдүйд анхаарал, халамж сайтай хүн болж төлөвшинө.Гэхдээ томчууд бид уурласан, стресстсэн үедээ эсвэл анхаарал бага тавьсны улмаас гаргадаг аймшигтай алдаанууд хүүхдийн цагаахан сэтгэлийг сэвтээчихдэг...  Эдгээр үйлдлийг хийж бид хүүхдүүдээ гомдоодог: 

1. Ойлгодоггүй 

13 насандаа би анх дурласан юм. Тэр манай ангийн онц сурлагатан байсан. Өөртөө итгэлтэй, зальтай, хорон санаатай хөвгүүн. Гэхдээ надад бол төгс хүн шиг л санагддаг байлаа. Өнөөх төгс хүн маань намайг ерөөсөө анзаардаггүй байсан учир би байнга л уйлж, усан нүдэлнэ. Харин ээж маань намайг буруу үгээр аргаддаг байв: “Юун сүртэй юм. Нэг их чухал зүйл биш шүү дээ. Жилийн дараа л чи түүнийг мартчихна”. Харин би түүнийг мартахыг, дурласан сэтгэлээ унтраахыг хүсдэггүй байсан. 

2. Дэмждэггүй 

Бяцхан Карузо сургуулиасаа нулимс дуслуулан гэртээ иржээ: “Ээжээ! Дууны багш маань намайг төмөр хоолойн дотор салхи исгэрч байгаа юм шиг дуу хоолойтой гэж хэлсэн!”. Харин ээж нь:“Юу гэж дээ, хүү минь! Хэнийг ч бүү сонс. Чи хорвоогийн хамгийн уянгалаг хоолойтой хүү. Би сайн мэдэж байна!”. Энэ ухаантай эмэгтэй байгаагүйсэн бол бид дэлхийн хамгийн агуу тенор хоолойг сонсохгүй л байсан. Үр хүүхэддээ “Чи чадна! Чи үүнийг даваад гарна!” гэж байнга хэлж бай. Энэ үгсийг сонсоход далавч ургасан мэт санагдаж, бүх зүйлийг хийж чадна гэсэн итгэлийг олж авдаг юм. 

3. Бусад хүүхдүүдтэй харьцуулдаг 

“Хар даа, танай ангийн тэр охин хичнээн цэвэр, нямбай байгааг. Гэтэл чи гахайн торой шиг л байх юм”. Та хүүхэддээ ингэж хэлж байсан уу? Эцэг эхчүүд чухам ямар үр дүнд хүрэхийг хүсэж иймэрхүү үгсийг хэлдэг юм бол доо? Тэр охинд дургүй нь хүрнэ үү гэхээс хүүхдэд тань өөр сэтгэгдэл төрөхгүй л болов уу...

4. Шоолдог 

Би бага байхдаа охин дүүтэйгээ хамт нэгэн дэлгүүрт орсон юм. Дүү маань 3 настай байсан. Тэр салхин цэцэг туссан байсан учраас нүүрээр нь дүүрэн ногоон толбо байв. Хийх юмгүй сууж байсан худалдагч хүүхнүүд дүүг мань харангуутаа л: “Хүүе, энэ гоо үзэсгэлэнг хараачээ! Ямар “хөөрхөн” охин бэ!” гэж хэлээд шоолж инээж байсан. Харин би уурандаа шатаж, дүүгийн маань нүдэнд нулимс цийлэгнэсээр гарч явсан юм. 

5. Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ гомдоодог 

Наймдугаар ангид байхдаа би өөрийгөө биеэ даасан, том болсон гэж боддог байлаа. Нэгэн удаа аав маань надад геометрийн хичээл хийхэд тусалж, нэлээд орой болтол суусан юм. Тэр хичээлийг би огт ойлгохгүй байсан. Гэтэл аав маань намайг бөгсөн дээр алгадаад авсан. Өвдөөгүй л дээ, гэхдээ надад маш гомдолтой санагдаж билээ.Би аавтайгаа хэд хоногийн турш үг дугараагүй. Харин тэр яагаад намайг гомдоосноо ойлгоогүй... 

6. Хашгирч, аашилдаг 

Төрөх эмнэлэгт хажуугийн орон дээр хэвтэж байсан залуу ээж хүүхдийнхээ уйлагнахаас залхаад, хүүхдээ орон дээрээс шүүрэн авч: “Чи юундаа уйлаад байгаа юм, чамд юу хэрэгтэй байгаа юм!” хэмээн хашгирч, хүүхдээ сэгсэрч гарсан. Хүүхдийнх нь айдас дүүрэн, үл ойлгосон байдлаар харсан тэр том нүдийг би хэзээ ч мартахгүй...

7. Үл тоодог 

Хамгийн аймшигтай нь энэ. Японы эрдэмтэн ургамал дээр нэгэн туршилт хийжээ. Гурван адилхан үрийг гурван саванд тарьж гэнэ. Тэр өглөө бүр эхний саванд тарьсан нахиалсан ургамал дээр очиж, мэндэлж, сайхан үг хэлдэг байв. Харин хоёр дахь савтай ургамал руу хашгирч, гомдмоор үг хэлдэг байлаа.

Гурав дахь савтай ургамлыг тэр тоодоггүй байв: харах ч үгүй хажуугаар нь өнгөрч явна. Сарын дараа ургамлуудтай юу тохиолдсон гээч. Эхнийх нь тод ногоон өнгөөр, цонхны тавцан дүүрэн нахиалан ургасан байв. Хоёр дахь нь хатаж гандсан. Харин гурав дахь нь ялзарч мууджээ. Хүүхэд ч гэсэн ургамалтай адил. Юу тарина түүнийгээ хураана гэдэг шүү дээ. Хүүхэд тань танд маш их хайртай. Сэтгэл санаа нь ямар ч байсан хамаагүй, бэлэг өгсөн өгөөгүй хамаагүй. Та түүний ээж нь, эсвэл аав нь учраас тэр танд хайртай. Хүүхдийнхээ инээмсэглэж байгааг харахын тулд та бүх зүйлийг хийх болно. Тийм биз дээ? 


Энэ тухай үргэлж санаж, хүүхдээ хайрлаж яваарай!