Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үеэр тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Дүүрэг, эх орны маань гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд, залуучуудын маань цоо шинэхэн орд өргөөний нээлтэнд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, хүүхэд залуучууд та бүхэндээ баярын мэнд хүргэе. Учир нь будаг нь үнэртсэн, хүүхэд залуучуудын маань эрдэм дэлгэрсэн энэ орд өргөө өндөр үүдээ нээж байгаа нь бидний баяр.

Манай Налайх дүүрэг бол хүүхэд, залуусын дүүрэг. Дүүргийн нийт хүн амын 32 хувийг 0-15 насны хүүхэд, 57 хувийг хөдөлмөрийн насны хүн ам, залуучууд эзэлдэг. Жил тутам 900 орчим хүүхэд шинээр мэндэлж байна.

Хэдхэн хоногийн өмнө дүүрэгт маань 50 ортой хүүхдийн эмнэлэг үүдээ нээсэн бол өнөөдөр нийгмийн хамгийн чухал хэсэг болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын ордон ашиглалтанд орж нээлтээ хийж байна. Энэхүү орд өргөөнд хүүхэд бүрийн инээд цалгилж, эрдэм номын буян дэлгэрч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Тус барилгын ажлыг 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Цэцэн гэрс” ХХК хийж гүйцэтгэсэн.

Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын зүгээс шинэ өргөөний нэг танхимыг тохижуулахыг даалгавар болгон нэг сая 500 мянган төгрөг гардуулан өглөө.

Ийнхүү нийгмийн хамгийн чухал нэгж болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн орд өргөө дүүрэгт үүдээ нээлээ гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.