Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажлыг өнөөдөр эхлүүллээ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 07.00 цагт Налайхын авто замд ажиллаж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд анхааруулав. Мөн автозамын ажлыг технологийн горим алдагдуулалгүй хийхээс гадна, замын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хэсэгчлэн хаах чиглэлийг албаныханд өглөө.

Энэ дагуу Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаана. Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас зөвлөлөө. 

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын автозамын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл ”Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт,  явган хүн, дугуйн зам,  гүүрэн гарц,  тохижилтын ажлуудыг хийнэ.  Цементээр бэхжүүлсэн суурь хоёр үе хийгдсэн байгаа. Үүн дээр нэмээд суурь асфальт 10 см тавигдсан бол өнгө хучилт 4 см тавигдахаар төлөвлөгдсөн” хэмээлээ.


Налайхын 20.9 километр замыг хэсэгчлэн хаах үед хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна.

  1. Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.
  2. Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.
  3. Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.
  4. Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.
  5. Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн байна.