Б.Баясгалан
05 сарын 16, 2019
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр АТГ-т хандаж буй талаараа мэдээлэл хийлээ.
Тэрээр "Би Капитал банкны дампууралтай холбоотой асуудлаар АТГ-т хандаж байна. Тус банкинд иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихсон байна. Тиймээс "энэ асуудлын эзнийг олох талаар АТГ ажиллаач, тэр дотроо УИХ-ын гишүүн С.Эрдэнийг энэ асуудалтай холбоотойгоор шалгаач" гэсэн гомдлыг АТГ-т гаргалаа.
Уг асуудлаар АТГ-т хандах болсон гурван шалтгаан байна.
1. УИХ чуулган дээр Н.Номтойбаяр гишүүн тэтгэвэр авдаг хүмүүсийн мөнгийг янз бүрийн банкуудад байршуулж байна. Үүнээс болж эрсдэл үүсэж, их хэмжээний мөнгө алга болох аюул байна гэж 2-3 жил ярьсан. Энэ асуудлыг анхаарах ажил хийгдэх байх гэж хараад байсан чинь юу ч хийгдсэнгүй. Манай эрх баригч улс төрчид энэ асуудлыг хав дарж байгаад сонгууль дөхөхөөр гаргаж ирж, хоорондоо тохиролцоо хийх гэж байна. Ингээд өөрсдөдөө сул өрсөлдөгч олж авах арга замаар ажиллаж байна. Тэгэхээр АТГ энэ асуудлыг эртхэн шалгаж, үнэн зөвийг нь тогтоогоод, 240 тэрбум төгрөгийг олж ирэх болов уу гэж горьдож байна.
2. Манай С.Эрдэнэ хүмүүсийг юм мэдэхгүй гэж боддог юмуу, улаан цайм худлаа ярих юм. Би хараад тэссэнгүй. Юу ярьсан бэ гэхээр "Банкинд мөнгө байршуулж буй асуудал надтай огт хамаагүй" гэж худлаа ярьж байна.
Яагаад худлаа гэж байна вэ гэвэл, С.Эрдэнэ сайд болсныхоо дараа нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэх байгууллагыг толгойлдог болсон. Тус байгууллага иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банкуудад байршуулах С.Эрдэнийн гарын үсэгтэй журам баталсан. Ямар банкинд, яаж байршуулахаа заавал С.Эрдэнээс асууж, зөвшөөрөл авах ёстой гэж тусгасан байна. Өөрөө хийсэн энэ үйлдлээ надад хамаагүй гэж буй нь муухай, увайгүй юм. Бичиг цаасных нь дагуу үүнийг тодруулахыг хүсэж байна.
3. Шударга бусын хонгилыг бий болгосон Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын АТГ, дээд шүүх, прокурор дээр тавьсан дарга нар өөрчлөгдлөө. Шинэ дарга нарыг би танихгүй. Ямар ч байсан Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын тавиулууд огцорсонд баяртай байна. Тиймээс шинэ дарга нар арай үнэн, шударга ажиллах байх гэж горьдож АТГ-т хандлаа" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.