Б.Баясгалан
02 сарын 19, 2019
БНСУ-ын харилцаа холбооны тэргүүлэгч “KT” компани агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын тухай нарийвчилсан мэдээлэл өгөх зорилгоор агаарын чанарыг хянах гар утасны апликэйшныг олон нийтэд танилцуулав.
“Air Map Korea” хэмээх шинэ апликэйшн нь нарийн ширхэгт тоосонцорын түвшин тухайн цагт ямар хэмжээнд байгааг үзүүлэх аж. БНСУ-д агаарын чанар өдөр ирэх тутам муудах болсонтой холбоотойгоор олон нийтийн шүүмжлэл газар авах болсон энэ үед уг апликэйшн нь маш хэрэгцээтэй мэдээллийг иргэдэд хүргэх аж.
"KT” компани орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран агаарын чанарыг шинжилдэг 2000 орчим төвөөс нарийн ширхэглэгт тоосонцорын мэдээллийг цуглуулжээ. Цаашид дээрхтэй ижил 500 төвийг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Азийн дөрөв дэх том эдийн засаг хэмээн нэрлэгдэх болсон тус улсад нарийн ширхэглэгт тоосонцор нь тулгамдсан асуудлуудын нэг болсон билээ. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газраас иргэдийг гадуур гарахдаа амны хаалт хэрэглэхийг уриалж, бага насны хүүхдүүд болон настай хүмүүсийг чухал шаардлагагүй тохиолдолд гэртээ байхыг зөвлөх болжээ.
Нарийн ширхэгт тоосонцорын ширхэгүүд нь уушгинд гүнзгий нэвтрэн ордог бол түүнээс жижиг ширхэгүүд нь шууд цусанд шимэгдэж, эрүүл мэндэд маш ноцтой аюул учруулдаг байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
/Yonhap/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.