Дэлхийд үнэлэгдсэн, олон дагагчтай контент бүтээгчид туршлагаа хуваалцахаар “Nas Summit Mongolia 2023” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд оролцохоор 10 мянга гаруй залуу өргөдлөө илгээснээс 1200 орчим залуус сонгогдож, өнөөдөр цугласан юм.

“Nas Summit Mongolia 2023” арга хэмжээг цахим орчинд 72 сая дагагчтай илбэчин Жулиус Деин, 65 сая дагагчтай Нусейр Ясин, “Youtube” компанийн түншлэл хариуцсан менежер Чарлес гээд дэлхийд танигдсан ховорхон зочид чимсэн юм. Түүнчлэн Монголын талаас хамгийн олон дагагчтай “Youtuber” Гремикс, аяллын бичлэг хийдэг хос болох Уна Дами тэргүүтэй контент бүтээгчид оролцлоо.

Залуусыг суралцаж хөгжих, бүтээж бий болгох урам зоригоор цэнэглэсэн энэхүү арга хэмжээний үндсэн илтгэлүүдийн санааг хураангуйлан хүргэе.

 Жулиус Деин /Илбэчин/- Өндөр хандалттай бичлэг хийх нууцаас...

#Шууд л хийж эхэл

Хаана, хэзээ, ямар агуулгатай контент хийхээс үл хамааран бичлэгээ хийж эхлээрэй. Жишээлбэл 60 настай ээж маань надтай хамт Монголд  байгаа өдрүүдээ аяллын бичлэг болгон Тиктоктоо нийтлэх болсон. Яг одоо түүнийг 11 хүн дагаж байна. Энэ ч бас амжилт. Тиймээс миний өгөх хамгийн эхний зөвлөгөө бол юунд ч эргэлзэлгүй шууд эхлүүл.

#Ашиг олохгүй байсан ч тууштай хий

Хэдийгээр би урт хугацаанд бичлэг хийж чамлахааргүй олон үзэгч, дагагчтай болсон ч цахим платформуудаасаа мөнгө олохгүй л байсан. Харин цар тахлын үеэр найз охинтойгоо нэгнийгээ шоглож буй бичлэгээ хийж байршуултал нэг өдрийн дотор л 75 мянган ам.долларын ашиг олж,  бүр ч олон хүнд хүрч эхэлсэн. Үүнээс хойш сарын хугацаа өнгөрөхөд бичлэгүүд маань 5 тэрбум хандалт авч, би 1 сая ам.доллартай болсон байлаа. Дүгнэж хэлэхэд шантрахгүйгээр тууштай хийсээр байх нь чухал юм шүү.

#Тоо юу, чанар уу?

Контент хийх гэж байгаа бол дээрх асуултыг өөрөөсөө асуух нь зүйтэй. Шийдвэрээ гаргахдаа урт хугацааны зорилготойгоо уялдуулаарай зөвлөмөөр байна. Би хувьдаа үзэлт, хандалтад анхаарахаас илүүтэй контентынхоо чанарыг чухалчлах болсон.

 

 Алине Тамир /Аяллын контент бүтээгч/- Бүгд тэгээс эхэлдэг


Тэрбээр цахим платформуудад нийтдээ 3.6 сая гаруй дагагчтай бөгөөд "Internet’s Favorite Travel Vlogger" шагналыг хүртэж байжээ. Түүний илтгэлийн сэдэв дагагч багатай ч брэндүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар байлаа. 

#Харилцаа холбоо хамгийн чухал. 

Их мөнгөтэй биш бусадтай харилцаа холбоо тогтоож чаддаг хүн л сайн контент хийдэг.

#Ямар агуулгатай контент хиймээр байна, тэр салбартаа ажил. 

Одоо чиний хийж буй ажил хүсэл сонирхлоос чинь өөр бол ажлаа өөрчлөх зоригтой байгаарай.

#UGC буюу хэрэглэгчийн бэлдсэн контентын талаар судлаад үзээрэй. 

Хэрвээ та хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол өөрийн хэрэглэдэг брэндүүдийн контентыг хийж болох юм. Бодит байдал дээр томоохон компаниудад хэрэглэгчийн нүдээр харж, бүтээлчээр хийсэн контентууд үргэлж дутагдаж байдаг.

#Ялгарлаа тодорхойл. 

Миний харж буйгаар цахим орчинд контент бүтээгчид бүгд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Зарим нь ярьж буй сэдвээрээ, зарим нь хувцаслалт, хэв маягаараа эсвэл үг хэллэгээрээ гээд ялгардаг. Жишээ нь та бүхний хувьд “Монгол хүн” гэдгээрээ ялгарах боломжтой. Учир нь дэлхийн 8 тэрбум гаруй хүний ердөө 3 сая гаруй нь л монголчууд шүү дээ.

#Эхлээд өг, дараа нь ав. 

Контент хийх үедээ олж мэдсэн зүйлс, өөрийн туршлагаа бусадтайгаа хуваалцаж байгаарай. Өөрийн үнэ цэнээ бий болгосны дараа  бусдаас хариу авахад хэзээ ч оройтохгүй гэж зөвлөе.


Чарльз Кэрр /"Youtube" компанийн стратегийн түншлэл хариуцсан менежер /

-“Youtube” хүн бүхэнд нээлттэй

#Хамгийн чухал нь мэдрэмж

Хэрэглэгчдийн цахим орчин ашиглах, контент үзэх зан төлөв асар хурдтай өөрчлөгдөж байгаа тул үзэгчдээ хүндэтгэж контентынхоо хэлбэр формат, агуулгаа сайжруулж, шинэчилж байх нь чухал юм.

#Олон төрлийн формат ашигла

Саяхны судалгаагаар “Youtube” хэрэглэгчдийн 68 хувь нь аливаа агуулгыг зураг, бичлэг, аудио гэх мэт төрөл бүрийн форматаар авахыг хүсдэг гэжээ. Тиймээс “Youtube” суваг дахь контентуудаа төрөлжүүлж,  урт, богино бичлэг, подкаст, лайв стрийм гээд олон янзаар туршаад үзээрэй. 

#Технологийн шинэчлэлтэд соргог бай

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хиймэл оюун ухаан контентын салбарт ч хүч түрэн орж ирж байна. Иймд ChatGPT, Google Bard, Midjourney зэрэг хиймэл оюунд суурилсан системүүдийг ашиглах нь хандалтаа нэмэгдүүлэхэд тустай.

#Хүн бүрд “Youtube” ашиглаад дэлхийд танигдах боломж бий

Дээр дурдсан технологийн шинэчлэлийн нэгэн жишээ “YouTube's multi-audio" функц юм. Энэхүү функцыг идэвхжүүлээд бичлэгтээ нэмэлт хэлний сонголт байршуулж болох юм байна.
Ингэснээр монгол залуус контентоо эх хэл дээрээ бэлдэхийн зэрэгцээ олон улсад хүргэх боломжтой болох нь. Энэ бол хандалтаа нэмэгдүүлж, цаашлаад "facebook", "instagram", "youtube" зэрэг цахим платформуудаас мөнгө олох боломж нээгдэнэ.