“NASA” сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийг танилцуулав

Peak.mn
10 сарын 16, 2019

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Artemis” хөтөлбөрийнхөө хүрээнд 2024 онд анхны эмэгтэй гишүүн бүхий сансрын нисгэгчдийн багийг саран дээр буулгахаар төлөвлөж байна. Хүн төрөлхтөн 1972 оноос хойш саран дээр буугаагүй юм.

“NASA” мягмар гарагт “Artemis” хөтөлбөрийн сансрын нисгэгчдэд зориулсан хоёр шинэ өмсгөлийг танилцуулсан байна. Сарны өмнөд туйл дээр буух ажиллагаанд зориулсан хувцас нь сансрын хөлгийн адил улаан, цагаан, цэнхэр өнгөтэй бөгөөд сансрын нисгэгчдийг хамгаалах зориулалттай аж. Харин улбар шар өнгийн өмсгөлийг “Orion” сансрын хөлгийг дэлхийгээс хөөрөх болон буцаж ирэх үед өмсөх бөгөөд сансрын нисгэгчдийн биеийн дулааныг хадгалах зориулалттай гэнэ.


Эдгээр өмсгөлийг “Apollo”-гийн өмсгөл болон Олон улсын сансрын станцын мэргэжилтнүүдийн өмсөж буй хувцастай харьцуулахад технологийн хувьд илүү сайжирчээ. Шинэ өмсгөлүүд нь илүү сул чөлөөтэй, тав тухтай хийгээд хөдлөхөд хялбар аж. 

“NASA” одоо сар болон сарны гадаргуугийн талаар илүү өргөн мэдээлэлтэй болсон бөгөөд 1969 онд “Apollo 11” хөлөг саран дээр буун сансрын нисгэгчид дэлхийн дагуулын гадаргуу дээр хөл тавихад сарны тоосонцор ямар байхад инженерүүд ихээхэн санаа зовниж байжээ. 

Шинэ өмсгөлийг тоосонцор нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөж, нарны тусгал болон сүүдрээс хамааран сансрын нисгэгчийг Цельсийн -121 хэмээс +121 хэмд аюулгүй байлгахаар бүтээсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

nasa сансрын нисгэгч өмсгөл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.