ВАШИНГТОН/БРЮССЕЛЬ. /TASS/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн уулзалт АНУ-ын Вашингтон хотноо эхэлжээ. Уг арга хэмжээг НАТО үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн хэлэлцээнүүд нь "өнөөгийн эрин үед тулгарч буй бэрхшээл, сорилтуудад авах хариу арга хэмжээний хувиар НАТО-гийн дасан зохицох, шинэчлэх үйл явцыг үргэлжлүүлэх таатай боломж” болно гэж манай улсын эрх баригчид үзэж байна хэмээн АНУ-ын Төрийн Департаментын өндөр албан тушаалын төлөөлөгч мягмар гарагт сэтгүүлчдэд тусгайлан зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, өдгөө хүйтэн дайны төсгөл эсвэл АНУ-д халдлага үйлдсэн 2001 оны есдүгээр сартай адил “стратегийн эргэлтийн мөч” тохиож байна. Террористууд Нью-Йорк болон Вашингтон хотод халдсаны дараа Америкийн цэргүүд Өмнөд Азид, дараа нь Ойрхи Дорнодод цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Уулзалтын үеэр ОХУ-тай харилцах харилцаа, Афганистаны байдал, эвслийн үйл ажиллагааны санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх гэсэн гурван гол асуудлыг хэлэлцэнэ.

ОХУ-тай холбоотой хэлэлцүүлэгт Украин дахь нөхцөл байдлаас гадна хоёр гол сэдвийг оруулжээ. Эхнийх нь Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс АНУ дангаар гарсны дараах үр дагаврын талаарх хэлэлцүүлэг бол хоёр дахь нь Хар тэнгис дэх НАТО-гийн оролцоог өргөжүүлэх тухай байна.

Гэхдээ уулзалтын үеэр тодорхой шийдвэрүүд гаргахгүй юм. Хоёр өдрийн хугацаанд зөвхөн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг таван удаа үг хэлэх аж. Тэрбээр АНУ-ын Конгресст, дөрөвдүгээр сарын 3-нд сайд нарын хүлээн авалтад болон шинжээчдийн хурлын үеэр хоёр удаа үг хэлнэ. Тав дахь үгээ тэрбээр сайд нарын зөвлөгөөн дууссаны дараа зохион байгуулах хэвлэлийн бага хурлын үеэр өмнөх илтгэлүүдийнхээ гол зүйлсийг нэгтгэн хэлэх юм.

Умард Атлантын эвслийн сайд нарын зөвлөгөөнд Умард Македоны албаны хүн анх удаа ажиглагчийн хувиар оролцож байна. Бүгд Найрамдах Умард Македон Улс НАТО-д элсэж байгаа.



Эх сурвалж: Монцамэ агентлаг