Нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй ХЗХ-г татан буулгана

Х.Оргил
03 сарын 11, 2019

“Хадгаламж, зээлийн хоршооны тухай” хуулийн 13.2-т “Хадгаламж зээлийн хоршоо улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг.

Учир нь уг үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр хуульчилсан. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т “хадгаламж зээлийн хоршоо” буюу “ХЗХ” гэсэн товчлол бүхий статустайгаар бүртгүүлсэн хуулийн этгээдийн тоо Хорооноос тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байгаа ХЗХ-дын тооноос ихээхэн давж байгаа юм.

Иймд Хороо УБЕГ-тай хамтран бүртгэлтэй хуулийн этгээд болон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг нийцүүлэн цэгцлэх, бүртгүүлсэн атлаа тусгай зөвшөөрөл аваагүй, тусгай зөвшөөрөл авсан ч нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй ХЗХ-дын судалгаа, мэдээллийг нэгтгэн гаргаж, татан буулгах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар ажиллаж байна.

Хуульд зааснаар УБЕГ-т бүртгүүлсэн ХЗХ ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлөө Хороонд гаргах ёстой бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хугацаанд өргөдөл гаргаагүй бол татан буулгах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зохицуулалттай. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй ХЗХ үйл ажиллагаагаа нэг жилийн хугацаагаар эрхлээгүй болон тасалдуулсан бол Хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох бөгөөд хүчингүй болгосноос хойш гурван сарын дотор дахин тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт ирүүлээгүй, ирүүлсэн ч Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол уг ХЗХ-г татан буулгах үндэслэл бүрдсэнд тооцдог юм.

Холбоотой сэдвүүд

сзх хзх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.