"Нэхүүл" хөдөлгөөнийнхөн маргааш буюу 12 дугаар сарын 20-ны 11.00 цагт МАНАН-г эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ талаар цахим хуудсаараа мэдээлэл хийлээ.

Тэд "Бид улс төрийн нөхцөл байдлыг хараад тэсэхгүй дуугарч, оролцож байна. Түүнээс биш бидний ард хэн нэгэн хүн байхгүй. Мөн бид нэр алдар олж авах гэж, эсвэл нийгэмд сайхан харагдах гэж ийм зүйл хийж байгаа юм биш. Эх оронч хүмүүс болох гэж ч жүжиглэсэнгүй. Чин сэтгэлээсээ ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө тэмцэж байна. Үүнийг иргэд ойлгож, дэмжээсэй гэж хүсэж байна. Хүмүүс биднийг У.Хүрэсүх, Х.Баттулга, М.Энхболд нарын хэн нэгний дүү гэж харж буй хандлага байна. Хэн нь ч бидэнд хамааралгүй.

Сүүлийн 28 жилийн хугацаанд бид нэг л зүйлийг ойлголоо. Иргэд бид өөрсдөө дуугарч байж, төрийг удирдаж буй хүмүүсээс шударга ёсыг шаардаж байж энэ нийгмийг өөрчлөх юм байна. Түүнээс биш надаар л дутав гэсэн хандлага Монголчууд бидний алдаа байсан байна. Тиймээс одоо оролцоотой байж, дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Тиймээс иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээлээ.