Хэнтийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуульд хэзээнээс санаагаа цухалзуулах болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдрийн "Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор уригдахдаа үүнийгээ баталж орхив.

Тэрбээр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Эрдэнэтийн 49 хувь зэрэг асуудал дээр хэд хэдэн ноцтой баримт дэлгэлээ. Тэрбээр ХХБ-ны хуйвалдааны ард ажилласан гол хүн бол М.Энхболд гэдгийг тодорхой дурьдсан. Мөн Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын нийлсэн шалтгаан нь Эрдэнэтийн 49 хувь гэдгийг тодотгов. Мөн өөрт нь санал болгосон ХХБ-ны хувийг аваагүй, хамаг нууцыг мэдэж байгаа нь орон шоронд оруулах хангалттай шалтгаан болсон гээд ХХБ-ны цаад эзэд нь гадныхан гэдгийг ч дурьдаад ямартай Монгол улс ХХБ-ны мөнгө угаасан асуудлыг нухацтайгаа шалгах хэрэгтэйг дурьдлаа.

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэрээ дэвших тухайгаа шууд биш ч санаагаа илэрхийлсэн. Тэрбээр "Эзэн Чингисийн нутгийн ард иргэд МАНАН-г арилгах зөв сонголт хийнэ гэдэгт итгэж байна. Ээж маань ч энэ нутгийх учраас би энэ нутагтаа хүйн холбоотой" хэмээн тодотгов.

Ийнхүү МАХН-ын хувьд нэр дэвшүүлэх эхний бөгөөд эцсийн төгс хувилбар нь Н.Энхбаяр гэдэг нь гарцаагүй болов. Түүний тоглолт хийх, олныг ярианы сэдэв нь Эрдэнэтийн 49 хувь, ХХБ-ны асуудал байх бололтой.