Боловсрол, шинжлэх ухааны яам, МҮХАҮТ хамтран "Мэргэжлийн боловсрол ба ажил олгогчдын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад танхимаар 70 гаруй, цахимаар 100 гаруй оролцогч оролцож, санал солилцов.Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Мэргэжлийн боловсрол, сургалт ба ажил олгогчдын хамтын ажиллагаа, түншлэл” сэдвээр илтгэл тавилаа. 

Өнөөдрийн байдлаар 76 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 42594 суралцагч 15 салбарын 185 мэргэжлээр суралцаж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан, эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас үүдэн зарим салбарт ажиллах хүчний хомстол үүсэх нөхцөл үүсэж буйг тэмдэглэлээ.

Мэргэжлийн боловсрол эзэмшсэн шинэ төгсөгчийг ажилд аваад дадлагажуулахад 2,5-3 жил буюу 5-8 сая төгрөгийг ажил олгогчийн зүгээс зарцуулж байж, ур чадвартай ажилтан болгон сургаж авч байна. 

Мэргэжлийн боловсрол, сургалт нь хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байранд шаардагдах ур чадварыг эзэмшүүлж чадахгүй байгаа учраас хувийн хэвшил, ажил олгогчид, боловсролын байгууллагуудын нягт хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж, мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлнэ гэдгийг илтгэлдээ дурдав.


Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцууллаа. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн шинэ төгсөгчдийн 30 гаруй хувь нь л мэргэжлээрээ ажилд орж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг дагасан системийг бүрдүүлэх, хувийн хэвшил, төр хаана, яаж хамтарч ажиллах вэ гэдэгт хуулийн гол концепцийг гаргахыг зорьсон гэлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Мэргэжлийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлага, мэргэжлийн боловсролын тогтолцоонд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ХАҮТ-ын хуулийн шинэчилсэн найруулга ба боловсролын тогтолцоог сайжруулах боломж"-ийн талаар мэдээлэл хийлээ.

Ноолуурынхаа 60 хувийг гүн боловсруулахад бид 670 сая ам.долларын борлуулалт хийх боломжтой. Харин боловсруулалт хийхэд 3600 нарийн мэргэжилтэн шаардагдах тооцоо байна. Энэ мэтээр ААНБ-ын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд нийцсэн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. ААНБ, МСҮТ-ийн уялдааг хангах, төр хувийн хэвшил хамтран мэргэжилтэй ажилтнаа бэлтгэхэд Германы ХАҮТ-ын жишээ буюу хосолсон загварыг ашиглах боломжтой гэв. 

Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн удирдагч Беате Диппмарын илтгэлд ХБНГУ-ын мэргэжлийн боловсролын тогтолцоонд Танхимууд чухал үүрэгтэй оролцдогийг онцлон тэмдэглэсэн. Тухайлбал, аж ахуй нэгжүүдэд зөвлөх, сургалтын агуулга, чадварын үнэлгээг тодорхойлох, аж ахуй нэгж дээрх сургалтуудыг хянах, сургалтын гэрээг бүртгэх, явцын, эцсийн шалгалтыг зохион байгуулах, суралцагч болон ААНБ хоорондын маргааныг шийдвэрлэх, зуучлах зэрэг ажлуудыг хариуцан явуулдаг байна. Мөн Танхимын дэргэд төгсөгчдийг үнэлэх Үнэлгээний зөвлөл ажиллаж, суралцагчдыг үнэлэн, гэрчилгээ олгодог аж.

Ажил олгогчийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх арга зам, мэргэжлийн боловсрол, сургалт дахь нийгмийн түншлэлийн талаар  МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар танилцуулав. Оролцогчдын зүгээс сургалтын төвүүдийг цэгцлэх, хяналт тавих, чадамжийн гэрчилгээ, МСҮТ гэх ойлголтыг өөрчилж зөв маркетинг хийх, мэргэшүүлэх сургалт, давтан сургалтын талаар саналаа илэрхийлэв.