Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 07, 2022
Хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хууль нь ажилтны эрх ашгийг дээдэлсэн, ажил олгогчдод ч давуу тал олгосон хэмээгдэж буй. Энэхүү журмаас ажилтан болон ажил олгогч таны заавал мэдэх ёстой зүйл заалтуудыг онцолж байна.
Бэлгийн болон хүйсийн чиг баримжаа мөн жирэмсэн амаржсан эсэхийг бүү асуугаарай
Ажилтны бусдад өгөхийг хүсээгүй мэдээллийг ажил олгогч өөрийн давуу талаа ашиглаж асууж тодруулахыг хориглоно. Тухайлбал ажил олгогчийн анкетын асуултууд ч хөдөлмөрийн хуульд нийцсэн байх ёстой. Үүнд бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэхийг асуухыг хориглоно. Энэхүү тохиолдолд ажилтан хариулахгүй байх эрх нь нээлттэй байх юм. Учир нь хуулиар хувийн нууцад халдсан асуулт учир хариулахгүй байх эрхтэй.
6.4. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад ажил олгогч нь ажил үүрэгтэй нь холбогдолгүй аливаа асуулт асуух, мэдээлэл цуглуулах, хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн болон сэтгэцийн эмгэг, хүний дархлал хомсдолын вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгүүлэх, жирэмсэн эсэхийг тодруулахыг хориглоно.
Та аль намын гишүүн бэ?
Өмнө нь анкет болон зарим компанийн харилцах хуудаст байдаг байсан шүү дээ. Тэгвэл Хөдөлмөрийн тухай шинэ хуулиар ажилтны хувийн нууцад хамаарах, эсхүл улс төрийн нам, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн талаар мэдээлэл авах, боловсруулах, хадгалахыг хориглож буй.
44.3.Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны хувийн нууцад хамаарах, эсхүл улс төрийн нам, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн талаар мэдээлэл авах, боловсруулах, хадгалахыг хориглоно.
Ажилтнаас нэмэлтээр мэдээлэл авах бүртээ зөвшөөрлийн хуудас бөглөнө
Ажил олгогч хөдөлмөрийн харилцааг эхлүүлэхдээ тухайн хүнтэй холбоотой мэдээллийг авахдаа чухам юунд хэрэгтэй, яагаад авч байгаагаа тайлбарлах ёстой. Хэрвээ уг мэдээллийг ажилтны зөвшөөрөлгүй авсныг мэдсэн бол ажилтан үүнийг устгуулах эрхтэй. Хэрвээ тухайн хүний нууц
44.2.Ажил олгогч нь ажилтны мэдээллийг гуравдагч этгээдээс авах шаардлагатай бол мэдээлэл авах шаардлага, зорилгоо ажилтанд урьдчилан танилцуулна.
44.4.Ажилтны мэдээллийг хадгалах, хамгаалахтай холбогдон гарах зардлыг ажил олгогч хариуцна.
Ажилтны бичиг баримт, эд хөрөнгийг барьцаалбал...
Ажилтны бичиг баримт, эд хөрөнгийг барьцаалбал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Зарим ААН-үүд хөдөлмөрийн журамдаа барьцааг тусгаж, барьцаа авдаг тал бий. Тэгвэл шинэ хуулиар уг асуудлыг шууд хоригложээ. Хэрвээ ажилтнаас барьцаа эд хөрөнгө, бичиг баримт зэргийг барьцаалсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх юм.
10 дугаар зүйл.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглох
10.1.Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, эд зүйл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн баримт бичгийн эх хувийг шаардан авч барьцаалахыг хориглоно.
Хөрөнгө хариуцаж байгаа ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулна
Актаар хүлээлцэж авсан эд материалд ажилтан бүрэн хариуцлага хүлээхийг хөдөлмөрийн гэрээ эсвэл хөдөлмөрийн дотоод журамдаа тусгана.
Бүрэн хариуцлага гэдэг нь тухайн хөрөнгө алга болсон, эвдэж гэмтсэн зэрэг тухайн хөрөнгөтэй холбоотой зардлыг төлүүлэх тухай асуудал юм.
75.1.Ажил олгогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх шийдвэр гаргах, эсхүл эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтантай ажил олгогч харилцан тохиролцож, тухайн ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно.
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг албан томилолтоор явуулахдаа заавал өөрөөс нь асууж, зөвшөөрсөн тохиолдолд явуулна. Энэ тухайгаа аман болон и-мэйлээр мэдэгдэх ёстой.
43.3.Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглоно
7.4 Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй.
Ажилтан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх ёстой
Ажилтан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх ёстой гэсэн агуулгыг өмнө нь зөвхөн Хөдөлмөрийн гэрээнд тусгадаг байсан билээ. Тэгвэл энэхүү үүрэг хуульчлагджээ.
42.2.7.ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.