Энэ жилийн хувьд “Минж үржүүлэх, нутагшуулах төвд” төслийн хугацаанд анх удаа 1 бодгаль минжнээс 5 ихэр дүдэр төллөсөн онцлогтой байна. Нас биед хүрсэн 3 бүлийн 6 бодгаль минжийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутагт нутагшуулжээ.

Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчран өсгөж байна. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа билээ.

 Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байна. Ингэснээр байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх улмаар өөрөө өсч үржих боломж бүрдэх ажээ.

Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар