Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. 

СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэн саналын хуудсан дээрх зургийг авч нийтлэх нь хуулиар хориглосон үйлдэл. Тиймээс иргэд үүнд анхааралтай хандах ёстой. Дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэх хэлбэр нь саналын хуудсанд саналаа өгөх юм. 

Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа зогссон байхад ямар нэг байдлаар нам эвслийн далбаа зургийг нийтлэх нь хууль  зөрчиж байгаа хэлбэр болно. Энэ асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавина. Энэ талаар гомдол ирж, хаах арга хэмжээ авч байна. Санал өгсөн саналын хуудасны зургийг авч олон нийтэд мэдээлэх нь хуулиар хориглосон үйлдэл" гэв. 

Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан бол 10 сая төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 

Сонгогч нь:
30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;
30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;
30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.