УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 "Монгол Улсын хэмжээнд 3.1 сая эрүүл мэндийн даатгал төлөгч байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас КОВИД-19-өөр өвдсөн иргэдийн түргэвчилсэн болон РCR шинжилгээний төлбөр төлөгдөх үү?

1.2 их наяд төгрөг 2021 оны төсөвт байна гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлж байна. Одоогоор 510 тэрбум зарцуулагдсан. Цаана нь 700 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл байна гэж ярьж байна. Үүнийг КОВИД-19-өөр өвдсөн иргэдийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулах уу?" гэсэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн асуултад 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

"Дөрөвдүгээр сард Сангийн болон Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүнд дархлаажуулалт, сорьц авах, КОВИД-19 батлагдсан өвчтөнүүдийн эмнэл зүйн үе шатаас хамаарч санхүүжилт олгох талаар тусгасан. 

Журамд нэмэлт өөрчлөлт оруулж, PCR шинжилгээ болон өрхийн 70 мянган төгрөгийн санхүүжилтийг 160 мянга болгож нэмэн, тарифын шинэчлэлтүүдийг оруулж өгсөн. 

Мөн тухайн байгууллагуудад PCR шинжилгээ хийх тарифыг суулгасан. Хуулийн үйлчлэх хугацаа сунгагдвал эрүүл мэндийн байгууллагууд болон анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлгүүд санхүүжилтээ авах бүрэн боломжтой. Үйлчлүүлж буй бүх хүмүүс энэ хөнгөлөлтөд хамрагдаж болно" гэлээ.