Коронавирусийн халдвар авсан хүн хэд хоногийн дараа бусдад халдаахгүй болох, дельта хувилбар монголд тархсан эсэх, бид хэрхэн өөрсдийгөө хамгаалах талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны газрын дарга Ж.Байгалмаагаас тодрууллаа. 

-Иргэдийн дунд ковид халдвар аваад эдгэсэн хүний вирус халдварлахгүй хугацааг 5, 7, 10 хоног гэсэн ойлголтын зөрүүтэй мэдээлэл таржээ. Халдвар авснаас хойш яг хэд хоногийн дараа бусдад халдварлуулахгүй болох вэ?

-Энэ нь тухайн хүний биеийн онцлог, хэр хүнд хөнгөн өвдсөнөөс шалтгаалан өөр өөр байна. Үүнд:

Нэгдүгээрт: Шинж тэмдэг илэрч эхлээд 10 хоносон бол бусдад халдаахгүй.

Хоёрдугаарт: Шинж тэмдэггүй, хөнгөн тусаж байгаа бол лабораторийн онош баталгаажсанаас хойш 10 хоноход бусдад халдаахгүй.

Гуравдугаарт:Хүнд хэлбэрээр өвдсөн бол үндсэн 10 хоногоос гадна шинж тэмдэг илрээгүй 3 хоногийг нэмж 13 хоногийн дараа бусдад халдвар тараахгүй. Энэ хоногуудыг ДЭМБ судалгаа дээрээ үндэслэн гаргасан.


-Бусдад халдаахгүй болсон ч гурван сар дотроо шинжилгээ өгөхөд эерэг гарч байгаа, хэр хугацааны дараа бүрэн вирусгүй болсон гэж үзэх вэ?

-Ковид тусаад эдгэсэн л бол тухайн хүнийг халдвартай гэж үзэхгүй. Тиймээс биед үлдэж буй үлдэц нь халдвар биш юм. Харин ковидийн уураг гэж хэлж болно.

Шинжилгээ их мэдрэг учраас ковидийн өчүүхэн жижиг хэсгийг ч эерэг гээд гаргаад ирдэг. Халдвар ул мөргүй биеэс арилах хугацаа нь мөн л хэр хүнд, хөнгөн өвдсөнөөс хамаарна.

Коронавирусийн халдварын үлдэц арилах хугацаа: 

Дундаж хугацаа нь 40-50 хоног 

Хүнд туссан бол 50-60 хоног гэж ойлгож болно.


-Наадмын дараа хөл хөдөлгөөн нэмэгдсэн ч халдварын тоо өсөхгүй байна. Бид наадмаар дэглэмээ сайн барьсан гэсэн үг үү эсвэл шинжилгээний тоо буурсан уу?

-Наадмын өдрүүдээр тохиолдлын тоо буурсан, давхар шинжилгээ авч, өгч байгаа тоо ч буурсан.

Ерөнхийдөө хүн амын дунд коронавирусийн тохиолдлын тоо буурч байгаа. Ихэнх хүн наадмаар хөдөө явлаа. Халдвартай байсан ч  халдварын хугацаагаа дуусгаад, эдгэрээд ирж байна. Улаанбаатарын хувьд хөл хорионы үеийнх шиг хөл хөдөлгөөн буурсан нь тархалт буурахад гол түлхэц болсон. 

Хэдийгээр хотод хөл хөдөлгөөн эргээд нэмэгдсэн ч дараа долоо хоногт ч гэсэн халдвар ихсэхгүй гэсэн таамаг байна.


Аудио сонсох:


-Өчигдөр 3 хүнээс дельта вирус илэрлээ. Энэ хувилбар хүн амын дунд аль хэдийн тархчих гэсэн үг үү?

-Дельта вирус 5 дугаар сарын сүүлээр Дорнод аймагт анх илэрсэн. Одоогоор хүн амын дунд тархсан эсэхийг мэдэх боломжгүй. 

Өнгөрсөн сард коронавирусийн тохиолдол оргил үедээ хүрч байхад АШУҮИС-ийн судалгааны баг түүвэрчилсэн байдлаар судалгаа хийсэн. Энэ судалгаагаар Монголд бүртгэгдсэн тохиолдлын 80-90 хувьд нь альфа хувилбар болохыг тогтоосон.

Хэрэв хүн амын дунд дельта вирус тархвал өмнөх хувилбаруудаа давамгайлж, маш аюултай болж ирнэ. Учир нь альфа вирус мутацид ороогүй хувилбараасаа 2 дахин хурдан тархдаг. Гэтэл дельта вирус 60 хувиар илүү хурдан тархдаг гэдгээрээ аюултай.  


-Вакцины үр нөлөөг хүртэл бууруулна гэсэн үг үү? Вакциндаа найдаад халдвар хамгааллын дэглэмээ сулруулж буй хүмүүс ч байгаа даа.

-Тэгэлгүй яахав. Тухайлбал файзер вакцин мутацид ороогүй хувилбараас 95 хувь, альфагаас 93 хувь, дельтагаас 88 хувь хамгаалдаг нь тогтоогдсон. Вироселл вакцин дээр тооцоо судалгаа одоохондоо хийгээгүй. Гэхдээ вакцин хийлгэсэн ч гэлээ дельта вирусийн халдвар авах магадлалтай нь маргашгүй юм. 

Тиймээс иргэд тайвшрах болоогүй гэдгийг үргэлж санаарай. Вакцин хийлгэсэн юм чинь, коронавирусын халдвар аваад эдгэчихсэн юм чинь гэж найдаж болохгүй. Маскаа зүүх, гараа угаах, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмүүдийг хүн өдөр тутамдаа шүдээ угаадаг шигээ л хэвшил болгох хэрэгтэй байна.


-Иргэд гурав дахь тунгаа хийлгэхдээ заавал өмнө нь хийлгэсэн вакцинаа хийлгэж ёстой юу?

-Вакцины гурав дахь тунг хийхээр судалгаа хийгдэж байна. Энэ долоо хоногоос эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцэх сурагтай.  Өмнө нь вакцины эхний тунг хариу урвал үүсгэх, хоёр дахь тунг тэрхүү урвалыг сэргээх зорилгоор хийсэн. 

Гурав дахь тунг мөн адил сэргээх тун гэж ойлгож болно. Нэг ёсондоо вакцины үр нөлөөг нэмэгдүүлнэ гэсэн үг. Дэлхий дээр манайх шиг хоёр өөр улсын вакцин хольж хийх гэж буй цөөхөн улс бий. Судалгааны хүрээнд цөөхөн хүн дээр файзер вакциныг 3 дахь тун болгон хийнэ. Үр дүн гарахаар ямар вакцин хийх нь тодорхой болно. 


-ХӨСҮТ дельта хувилбараас сэргийлэх ямар арга хэмжээнүүд авч байна вэ? 

-Дельта хувилбар нэмэгдвэл эмнэлгийн бэлэн байдал хангагдсан байх ёстой тул энэ тал дээр түлхүү анхаарч байна. Мөн түргэвчилсэн шинжилгээг эмийн сангуудаар өгдөг болгохоор санал хэлэлцэж байгаа.