Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн хурал 2021 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо цахимаар зохион байгуулагдлаа.

Тус нийгэмлэгийг даргалж буй  Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн Зөвлөлөөс зохион байгуулсан энэхүү хуралд Ази тивийн 30 гаруй улсын Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудын Ерөнхийлөгч, дарга, Ерөнхий шүүгч нар оролцов. 

Хурлын хүрээнд Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын ЕврАзийн нийгэмлэг, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал, Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал тус тус  боллоо.

Эдгээр хурлаар “Интернэтийн эрин үе: хууль дээдлэх ёс, хүний үнэ цэнэ ба улсын тусгаар тогтнол” сэдэвт олон улсын симпозиум болж, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалах эрх олгохоор өмнө нь гаргасан шийдвэрээ баталгаажууллаа. 

Үүнтэй холбогдуулан нийгэмлэгийн даргалагчийн тугийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга хүлээн авч Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өгөх юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг билээ.

 

Эх сурвалж: ҮХЦ