“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангах нийгмийн шаардлага, ард түмний хүсэл зоригт нийцүүлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг баталгаажуулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санааг холбогдох хууль тогтоомжид дэлгэрүүлэн тусгаж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, ач холбогдлыг нь ард түмэнд сурталчлан таниулах зорилтыг эш үндэс болгож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” хэмээн заасан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг энэхүү тогтоолын хавсралтаар батлахаар тусгажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогоомжийг нийцүүлэх хуваарьт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 22 хуулийн төсөл, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны тухай анхдагч хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд, Нутгийн удирдлагыг бэхжүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 7 хуулийн төсөл, нийтдээ 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.     

Мөн уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг орон даяар зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажилд шаардагдах зардлын төсвийг баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт зөвшөөрөхөөр тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг улс орон даяар зохион байгуулах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгахаар тусгасан байна.   

Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоогэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.