Суулт зарлаж буй эмч нар Ерөнхийлөгчийг өнөөдрийн дотор  өөрийн биеэр уулзаж, шаардлагыг маань хүлээн авахыг хүсэж байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Түр хорооны дарга, СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд:

 "Шаардлагын хариуг хүлээж төв талбай дээр 11 дэх өдрөө суулт хийж байна. Гэсэн ч бидний шаардлагыг биелүүлээгүй хэрнээ биелүүлээд байгаа мэтээр худал мэдээллийг тарааж байна. 


Цалинг 20 хувиар нэмсэн гэх мэдээлэлд няцаалт хийе. Үндсэн цалингаас гадна үр дүнгийн урамшуулал олгодог байсныг цар тахлын үед өгөхгүй байгаа. Тэр урамшууллыг олгох болсноо цалинг 20 хувиар нэмж байгаа мэт худал мэдээллийг тарааж байна. Мөн цалинг гурав дахин нэмсэн гэх худал мэдээлэл гарлаа. Улаан бүсэд ажиллаж байгаа ажилчдын илүү цагийн цалинг гурав дахин нэмэгдүүлснээ үндсэн цалинг нэмэгдүүлсэн мэтээр мэдээлэл тараасан. 

Харамсалтай нь ЭМЯ өчигдөр биднийг хуурсан. Яамны зүгээс "Цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж байна" гээд хариу өгөлгүй тараад явцгаасан байна. Шөнө ээлжтэй хоносон эмч нар маань өглөө ирээд, өдөр ажилтай байсан нь оройдоо ирж суугаад яамныханыг шөнийн 01:00 цаг хүртэл хүлээсэн. Хууртсаар байгаад залхаж байна. 

Залуу хүмүүсийнхээ бухимдлыг хорьж торгоож дийлэхгүй болж, олон хоног суусан эмч нар маань өөрсдөө өвдөж эхэллээ. Бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" хэмээн хэллээ. 

Эрүүл мэндийн ажилтнууд шаардлагынхаа хариуг автал наадмын өдрүүдээр ч төв талбайд суултаа үргэлжлүүлнэ гэдгээ мөн хэлж байв.