Алтай Таван Богд руу 4000 км замыг хүүхдүүдтэйгээ мотоциклоор туулсан гэр бүл

Peak.mn
07 сарын 26, 2021

Энэ удаагийн PEAК ЗОЧИН буландаа Экстрем спорт сонирхогч М.Түмэн-Өлзий, Э.Эрдэнэчимэг нарыг урьж, гэрт нь зочиллоо. Тэднийх хоёр хүү, нэг охинтой. Саяхан гэр бүлээрээ Алтай Таван Богд руу нийт 4000 гаруй км замыг мотоцикл, цахилгаан дугуйгаар амжилттай туулаад иржээ. Тэдний аялалын сонирхолтой түүхийг хуваалцъя.


Сайн төлөвлөгөө, аюулгүй аяллын эхлэл 


М.Түмэн-Өлзийгийнх 2017 оноос хойш мотоспортоор хичээллэх болжээ. Амралтын өдөртөө ойр зуур салхинд гарч, зундаа хотоос холгүй аялдаг дадалтай. Сайн төлөвлөгөө гаргаж байж л эрсдэл багатай, амжилттай аялдаг байна.  Энэ удаагийн аяллаа гэхэд л он гармагц төлөвлөж эхэлжээ. 

Зургаан сар гаруйн хугацаанд бэлтгэсэн төлөвлөгөөнийнх нь тухай тодруулахад М.Түмэн-Өлзий:

“Аялал төлөвлөгөө, зорилготой байх нь маш чухал юм байна. Аяллаа он гарснаас хойш нарийн төлөвлөж, бага багаар мотоцикл, хэрэглэлүүдээ цуглуулсаар  үргэлжилсэн. Эрсдэл өндөртэй, цаг зав маш бага, олон мотоцикл хэрэглэлүүдтэй, бага насны хүүхдүүдтэй явахаар нэг талаас нь харвал амралт гэхээсээ илүүтэй цаг завгүй төлөвлөгөөтэй аялал юм шүү дээ.

Зөвхөн мотоцикл унахаас гадна снөүбоардыг хэрхэн  хослуулж аялах талаар туршлагатай аялагчдаас суралцаж, судалгаа хийсэн”  гэж ярилаа. 

Бичлэг үзэх:


Аяллын төлөвлөгөөнд хэдүүлээ аялах вэ, хэн хэн явах вэ, хэдний өдөр хотоос хөдөлж, замдаа хаана хоноглох вэ, аялал хэдэн өдөр үргэлжлэх вэ гээд тодорхой болгох зүйл олон. Басхүү хоол хүнс, хүүхдүүдийн хувцас хэрэглэл, шаардлагатай тохиолдолд хэрэглэх эм гэх мэт  жижиг зүйлсийг ч анзааралгүй үлдээж болохгүй тухай ярьж байлаа. 

Тэгэхээр аялал бол шууд л зориглоод нэг өдөр гардаг зүйл биш. Өнгөрсөн онд гэр бүлээрээ Тэрэлж, Мөнгөн морьт чиглэл рүү 200 км орчим аялал хийсэн. Амралтын өдөр агаар салхинд явангаа бага багаар бэлтгэж байсан нь энэ удаагийн томоохон аяллыг амжилттай давах эхлэл болсон юм. 


Хүүхдүүд маань хоёр настайгаасаа л мотоцикл унаж,

 аялалд яваад дадчихсан


Хэн бүхний гайхширах нэг зүйл гэвэл энэ гэр бүлийн аав, ээж нь, хоёр хүү нь бүр 2 настай хамгийн бага охин нь хүртэл мотоцикл унаж аялжээ. Хүүхдүүддээ хэрхэн мотоцикл унаж сургасныг асуухад 

“Манай хүүхдүүд нэг ой гарантайгаасаа "balance bike" унаж эхэлсэн. Том хүү маань гэхэд хоёр ой хүрээд түшүүргүй дугуй ганцаараа унаж сурсан. Хүүхдийн нас, биеэд тохирсон, стандарт шаардлага хангасан хэрэгсэлтэй бол  “жоохон байна” гэх шалтаглахгүй. Цаг заваа зориулж, тууштай зааж, хамт байх нь л хамгийн чухал. Бага, багаар цэгцтэй заавал хүүхэд маш хялбархан  сурчихдаг.” гэж М.Түмэн-Өлзий хариуллаа. 


Мөн тэрбээр “Хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовох нь мэдээж. Учир мэдэхгүй хүмүүс “Өөрийгөө бодоод, хүүхдүүдээ жоохон байхад нь аялалд авч яваад хэцүү шүү дээ гэж зэмлэх хүн ганц нэг бий. Гэсэн ч бид хаана ямар эрсдэл байгааг мэднэ. 

Хамгийн гол нь хүүхэд бүр багаасаа хэцүү бэрхийг өөрөө давж туулж сурах нь чухал гэж боддог. Тийм учраас л хүүхдүүдтэйгээ хамт аялалд явж байгаа юм” гэсэн юм. 

Эхнэр Э.Эрдэнэчимэг нь “Хүүхдүүд маань жаахан байхаасаа л мотоцикл унаж сурч, аялалд яваад дадчихсан. Хажуунаас харахад нөхөр бид хоёр хүүхдүүдээ дагуулаад байгаа юм шиг харагддаг байх. 

Өөрсдийн хүслээ хүүхэддээ тулгаад байна гэж харах хүн ч байдаг. Үнэндээ аяллын үеэр бол хүүхдүүд маань биднээс илүү дур сонирхолтой. Уул өөд авирах уу, дахиад гулгах уу гэвэл тэгье л гэнэ. Машинаар явбал уйдаад их хэцүү, мотоциклтой ч юм уу дугуйтай явахдаа л  хүүхдүүд маань дуу хөөртэй, жаргалтай болдог.” гэж ярьж байлаа.

Гэр бүлээрээ зугаалахаас илүү хэцүү сорилтыг даваад гарах нь сайхан мэдрэмж

Саад бэрхшээлтэй хэцүүхэн аяллын ард гарсан сэтгэгдлийг нь асуухад эхнэр Э.Эрдэнэчимэг “Экстрем спорт, урт хугацааны аялал, ковидын үеийн аялал маш их хариуцлага шаардсан. 

Хамгийн чухал нь мотоцикл, снөүбоардынхаа аюулгүйн хамгаалалт, хэрэгслээ бүрэн байлгаж, зөв өмсөх дадал хэвшлийг ч суулгаснаар аяллыг аюул осолгүй, бэртэл гэмтэлгүй дуусгахад тусалсан” хэмээн хариулсан юм. 

Аяллын үеэр хүүхдүүдээ шантрахад нь хэрхэн зоригжуулж байсан тухайгаа М.Түмэн-Өлзий  “Бид Алтай Таван Богдын Малчин оргил руу авирсан юм. Сул хайрга ихтэй. Снөүбоард, аяллын цүнхээ үүрээд, хөвгүүдээ нэг нэгээр нь хөтлөөд явлаа. Замынхаа талд дөнгөж хүрч байтал тэд маань ядарч, шантарч эхэлсэн. Оргилд гарч чадахааргүй байсан учраас уулын бэлээр хөндлөн алхаад ойрхон цастай хэсэгт очлоо. Тэгээд хүүхдүүдээ аюулгүй газар хэсэг амраагаад 

“Одоо гулгах газар маань ойрхон байна. Энэ хүртэл ирж чадлаа. Миний хүүхдүүд мундаг байна гээд л зоригжуулна. Оргил руу дөхчихсөн, урам зориг авчихсан учраас  багийнхан маань бууж өгөөгүй байгаа нь илт харагдсан. Бидний хамгийн гол зорилго маань мөнх цаснаас снөүбоардоор буух байсан шүү дээ. Тэр мэдрэмжийг авахын тулд оргил өөд гарч чадсан юм.” гэлээ.

Мөн тэрбээр экстрем спорт сонирхогчдыг, аялагчдын зарим хүн харахдаа шавар шавхайтай хутгалдаад л, том том ачаа үүрчихсэн уул өөд өгсөөд байх нь зовлонтой гэж харж болох ч бидний хувьд жаргаж байгаа нь тэр байхгүй юу. 



Эрдэл ихтэй өндөр уул хад руу хүүхэд дагуулж явах нь буруу гэж хэлэх хүмүүс ч байна. Гэхдээ хэцүү бэрхийг гэр бүлээрээ даван туулж, багийнхныхаа дэмжлэгийг авч саад бэрхшээлийн ард гарах нь хүний авч чадах хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг гэж боддог. Хэцүүг хамтдаа туулахын хэрээр бие биедээ итгэж, гэр бүл маань илүү бат бэх болдог. 

Зорилго тавиад түүндээ хүрэх ямар сайхныг хүүхдүүдээ мэдрүүлж чадсан гэж бодож байна. Энэ нь цаашдаа хүүхдүүд маань баргийн юмнаас шантардаггүй, хүсэж байгаа зүйлээ хийж сурахад нь тус дэм болно гэж итгэдэг” хэмээн бахдалтайгаар хариуллаа.


Бэлтгэсэн: Б.Мөнхчимэг,  Б.Баярчимэг

Холбоотой сэдвүүд

аялал гэр бүл экстрем аялал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.