Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусаж, гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр,  "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Авлигын эсрэг комисс байгуулах шийдвэр гарлаа. Энэ удаад Транспэрэнси интэрнэшнэйл байгууллагын гаргадаг Авлигын төсөөллийн индексээр 100-аас доош оруулах зорилт тавигдаж байна.

Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд 15 хүнээс бүрдэнэ.

Энэ зун авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн." гэлээ. 

Мөн Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн талаар мэдээлсэн юм.

Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүллээ.   Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байна.

Гашуунсухайт боомт өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. 

Маргаашаас эхлэн долоо хоногийн хугацаатай Цагаан хад суурьлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна." гэв. 


ЭМЯ-наас танилцуулснаар коронавирусийн халдварын тархалт болон хүнд, хүндэвтэр өвчтний тоо буурч буй.  Тухайлбал, 16-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 8% болж буурсан

Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2% нь халдварт өртөөд байна. Энэ нь дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсаны үр дүн юм гэж үзэж байгаа.

Дельта вирус дэлхийн 111 оронд тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байхыг ЭМЯ, УОК анхааруулж байна.

Монгол Улсын хувьд тавдугаар сард Дельта вирус бүртгэгдсэн ч тархалтыг хумьсныг ЭМЯ танилцуулсан.