П.Мөнгөнсор
10 сарын 20, 2022
Автобусанд сууж явахдаа ч монгол бичиг сурч болох нь ээ.
Замын түгжрэл түмэн асуудал дагуулдаг ч нэгэнт байгаа асуудлыг шийдэл боломж болгох санаачилгыг залуус өрнүүлээд байна. “Нэг хүн ч болтугай монгол бичгээ нүдлээд яваасай” гэсэн хүслээр Толгойт-Ботаник чиглэлийн автобусыг монгол бичгээр гоёсон Б.Эрдэнэболор бүсгүйтэй ярилцлаа.
Анзаарсан бол нийтийн тээврийн автобус болгон зураг, рекламын самбараар дүүрэн байдаг шүү дээ. Харин автобусны жолооч Б.Амаржаргал унаагаа үндэсний хэв маягаар чимэглэхийг хүссэн аж.
Ингээд монгол бичгээр чимэглэх санаагаа хэлж хандсан хүн нь хамаатны дүү Б.Эрдэнэболор байжээ. Ингэж анх Толгойт-Ботаник чиглэлийн автобусыг монгол бичгээр чимэглэхээр шийдсэн хэрэг. Гэхдээ чухам юу бичих вэ, хэрхэн эх бичгээрээ чимэглэх вэ гэж чамгүй удаан бодсоны эцэст автобусны дунд хэсэгт энэхүү үгийг бичжээ.
Бичлэг үзэх:
… “Өглөө бүхэн өдрийн сайхантай золгож
Өдөр бүр хүний сайнтай учраарай”
Энэ бол түүний дуртай үг. Нийтийн тээвэрт сууж яваа хүмүүст өөдрөг гэрэл гэгээтэй үг хүргэе гэж энэхүү үгсийг нямбайлан бичжээ.
Гар утас хэрэглэгчдэд гар утас ашигласан дата мэдээлэл гардаг. Үүнээс хүн хэр их цагийг цахимд өнгөрүүлж байгаагаа харж болно.
Гэхдээ анзаардаггүй ч хамгийн их цаг хугацаа өнгөрүүлдэг орчин бол нийтийн тээвэр. Энэ цагийг хүмүүс үр бүтээлтэй өнгөрүүлж, ганц ч гэсэн монгол бичгийн үг, үсэг цээжлээсэй, цаанаа эх бичгээ сурах чин хүсэл өвөртлөөсэй гэж найзтайгаа хамт сэтгэлээ шингээн чимэглэжээ.
Б.Эрдэнэболор “Бид хоёр бийр, бэхээ авч очоод автобусны сул талбайг нэг өдрийн дотор л чимэглэчихсэн. Биднээс хөрөнгө мөнгө гараагүй. Сэтгэл гаргаж чадвал ямар ч ажил олон хүнд үнэ цэнтэй, эерэг өөрчлөлтийг авчирч чадна гэдэгт итгэлтэй байдаг” хэмээн инээмсэглэн ярьсан юм.
Түүний хувьд дөрвөн жилийн өмнөөс бийрийн бичлэгт дурлан тасралтгүй суралцаж яваа нэгэн.
Шимтэж дурлан суралцах тусам монгол бичгийн соёлын түгээе, өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлье гэж бодох болжээ. Ингээд найз Б.Оюунчимэгийн хамт “Оюут” урлангаа нээсэн байна.
Орчин үеийн залуус монгол бичгийн хэрэглээг орхигдуулж байгаа талаар “Монгол хүн монгол бичгээ мэддэггүй нь харамсалтай санагддаг. Зөвхөн хүндэтгэлтэй ханддаг нь юм бүхнээс илэрхий харагддаг. Дэлгүүрт гэхэд калиграфаар бичсэн нь өлгөөстэй байдаг. Охин минь хүртэл Монгол бичгийг хараад утгыг нь ойлгохгүй ч “Ээжийн Мо бичиг” гэдэг юм. Үнэндээ хананд л өлгөдөг бичиг, үсэг биш шүү дээ.
Бид монгол бичгээр өдөр тутамдаа харилцаж, албан бичгээ хөтөлж, хэрэглэх сурах ёстой. Хэрэглээнд нэвтрүүлэх нь хоймортоо хүндлэн залснаас илүү хэл соёлоо хайрлан хамгаалж байгаагийн илрэл” гэж боддог гэж хариуллаа. Монгол бичгээ хэрэглэж эхлэхийн гол суурь нь сурах хүсэл эрмэлзэл.
Монгол хүн бүхэн эх бичгээ дээдлээд зогсохгүй, сурах хүсэл эрмэлзэлтэй байгаа цагт хэрэглээнд ойртох цаг тийм ч хол биш гэж Б.Эрдэнэболор онцоллоо.
Цаашид залуусыг автобусыг сурах орчин болгож чимэглэх ажлыг үргэлжлүүлээсэй гэж тэд хүсэж байна. Хийе гэвэл арга нь олдоно гэж үг бий. Хийе гэвэл автобусыг сурах орчин болгож, суръя гэвэл түгжирч явахдаа ч сурах боломж байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.