Иргэд амьдарч буй орчиндоо тулгамддаг асуудлаа өөрсдөө тодорхойлон, түүнийхээ дагуу саналаа гаргаснаар асуудлаа шийдвэрлүүлэх, төсвийн зарцуулалтад оролцох боломж байдгийг та хэдийн мэдэх байх. 

Гэхдээ энэ үйл явцыг хэн, яаж хийдгийг, энэ ажилд хэрхэн оролцож, дуу хоолойгоо хүргэх талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ нийтлэлийг танд зориулъя. 

Монгол Улс төсвийнхөө тодорхой хэсгийг зарцуулахдаа иргэдээсээ саналыг нь асуудаг болсон нэгэн чухал тогтолцоог 2013 онд бий болгож хуульчилсан нь “Орон нутгийн хөгжлийн сан” юм. Энэ санд сүүлийн есөн жилд нийт 1,3 орчим их наяд төгрөгийн гүйцэтгэл хийгдсэн бөгөөд үүний үр дүнд 2013-2021 онд зөвхөн 330 суманд л гэхэд 33,336 хөрөнгө оруулалт иргэдийн саналаар бий болоод байна. 

Харин 2022 онд 253,4 тэрбум төгрөг аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-д хуваарилагдахаар батлагджээ.

Сангийн яамны ТБТГ-ын Нэгтгэлийн хэлтсийн дарга бөгөөд "Тогтвортой амьжиргаа-3" төслийн захирал Г.Золбоо: Орон нутгийн хөгжлийн санг энгийнээр тайлбарлах нь:

Төсвийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүрэг нь Орон нутгийн хөгжлийн сан(ОНХС)-тай байх ба энэ сангийн хөрөнгийг зөвхөн иргэдийн саналд тулгуурлан зарцуулахаар хуульчилсан.

Өөрөөр хэлбэл энэ нь Монгол Улс төсвийнхөө тодорхой хэсгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээсээ саналыг нь асууж, амьдарч буй орчиндоо тулгамдаж буй асуудлаа иргэд нь өөрсдөө тодорхойлон гаргаж, саналаа өгдөг болох эрх мэдлийг олгосон тун чухал заалт юм.

ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.

 ОНХС-ийн төсвөөр ямар хөрөнгө оруулалт санхүүжүүлж болдог вэ?

Товчхондоо, хуульд хориглосноос бусад бүх нийтийн эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтуудыг иргэдийн саналд тулгуурлан хийх боломжтой.

Жишээ нь, сумдад нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн халуун ус, ариун цэврийн газар, хогийн менежмент, зам, гүүр барих, засварлах зэрэг нийтээрээ үр шимийг нь хүртэж болох хөрөнгө оруулалтуудыг иргэдээсээ саналыг нь асууж хийдэг.

Түүнчлэн 2021 оноос эхлэн Малын тоо толгойн татвар нь ОНХС-ийн нэг эх үүсвэр болсонтой холбоотойгоор энэ жилээс бэлчээрийн менежмент, мал аж ахуйн чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг тухайн цугласан татварын хэмжээгээр мөн л иргэдийн саналаар санхүүжүүлэх боломжтой болсон.

 Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн 2020 онд гаргасан саналаар 2021 онд ОНХС-ийн санхүүжилтээр гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтаас...

     Мөн тухайн орон нутгийн,

  • Хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байх,
  • Тухайн орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдэж эрэмбэлэгдсэн байх,
  • Хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлтэй, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, бусад холбогдох зөвшөөрөлтэй байх,
  • Сум, дүүргийн төвөөс алслагдсан баг, хорооны иргэдийн хамгийн олон саналыг авч эрэмбэлэгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг заавал багтаах зэрэг шаардлагуудад нийцсэн байх ёстой.

 Архангай аймгийн Хайрхан сумын иргэдийн 2020 онд гаргасан саналаар 2021 онд ОНХС-ийн санхүүжилтээр гүйцэтгэсэн хөрөнгө оруулалт

Тэгвэл ОНХС-ийн төсвөөс ямар хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж болохгүй вэ?

  • Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ;
  • Улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;
  • Үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал;
  • Нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;
  • Зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;
  • Орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ зэргийг ОНХС-ийн төсвөөр санхүүжүүлэхийг хориглодог.

Өөрөөр хэлбэл зөвхөн нийтийн эрх ашигт нийцсэн, бүгдээрээ ашгийг нь хүртэх боломжтой хөрөнгө оруулалтад төсвийг зарцуулдаг.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэдийн 2020 онд гаргасан саналаар 2021 онд ОНХС-ийн санхүүжилтээр гүйцэтгэсэн хөрөнгө оруулалт
 

ОНХС-ийн саналыг хаана хандаж өгөх вэ?

ОНХС-ийн үйл ажиллагааны журамд зааснаар ОНХС-ийн дараа оны төлөвлөлтийг жил бүрийн 1-6 дугаар сард багтаан баг/хорооны Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурал (ИНХ) зохион байгуулдаг. Ингэхдээ баг, хорооны Засаг дарга иргэдээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулдаг бол ИНХ нь гарсан саналуудыг хэлэлцэж, эрэмбэлэн, батлах үе шатыг зохион байгуулдаг. 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн бүр ОНХС-ийн төсвийг хэрхэн зарцуулах талаар саналаа өгөх эрхтэй.

     Иргэд саналаа гаргахдаа:

  • Санал асуулгын хуудас бөглөх (баг/хорооны Засаг даргад хандаж)
  • Бүлгийн ярилцлага хийх (өөрсдийн санаачилгаар)
  • Цахим (ОНХС аппликэйшн болон тогтсон цахим хуудас, хаягаар) гэсэн гурван хэлбэрийн аль нэгээр саналаа гаргах боломжтой.

1. Санал асуулгын хуудас бөглөж саналаа өгөх:

2. Бүлгийн ярилцлагыг хорооны хувьд 50-аас доошгүй (дүүргийн төвөөс алслагдсан хорооны хувьд 30-аас доошгүй) иргэн; багийн хувьд 30-аас доошгүй (сумын төвөөс алслагдсан багийн хувьд 20-аас доошгүй) иргэний бүрэлдэхүүнтэйгээр сайн дураар зохион байгуулна.

3. Цахим хэлбэрээр санал авахдаа 30-аас доошгүй хоногийн турш тогтсон цахим хаяг, цахим хуудас, гар утасны програм ашиглан санал өгч буй иргэнийг баталгаажуулах боломжтойгоор ОНХС-ийн саналыг хүлээн авдаг. Үүний дагуу гар утасны "ОНХС" апп-ыг энэ жилээс ашиглалтад оруулсан бөгөөд ингэснээр тус апп-ыг ашиглан иргэн саналаа шуурхай, хялбар байдлаар өгөх боломж бүрдэж байна.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэдийн 2020 онд гаргасан саналаар 2021 онд ОНХС-ийн санхүүжилтээр гүйцэтгэсэн хөрөнгө оруулалт

Иргэдээс санал авсны дараа ямар үе шатаар саналууд батлагддаг вэ?

Баг, хорооны Засаг дарга сонгуулийн насны иргэн бүрээс авсан саналуудыг нэгтгэж баг, ИНХ-ын хуралдаанд хэлэлцүүлдэг. Иргэд гурван хэлбэрээр цугласан саналуудаа ИНХ-ын хуралдааны үеэр санал тус бүрээр хэлэлцэж, дараа онд өөрийн баг/хорооноос аль саналыг хэрэгжүүлэх нь нэн тэргүүний чухал шаардлагатай вэ гэдгийг олонхоороо шийдвэрлэдэг. 

Иймээс зөвхөн саналаа өгөөд зогсохгүй гаргасан саналаа хэлэлцэж, батлахын тулд ИНХ-ын хуралдаандаа заавал биечлэн оролцох шаардлагатай.

Энэ хуралдааныг ИНХ-ын дарга, тэргүүлэгчид зургаадугаар сарын 31-ээс өмнө зохион байгуулах журамтай.

Яг танай баг/хороотой адил бусад баг/хороонд дээрх маягаар цуглаж, баталсан саналуудыг сум/дүүргийн ОНХС-ийн санал нэгтгэх ажлын хэсэгт нэгтгэж, эрэмбэлүүлэхээр өгснөөр энэхүү ажлын хэсэг долдугаар сард багтаан саналуудыг нэгтгэдэг. Ингээд Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулаад, арванхоёрдугаар сард сум/дүүргийн төсөв батлахтай хамт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулдаг.

Орон нутгийн хөгжлийн сангийн үе шат

 

ОНХС-ийн үйл ажиллагаанд бусад байдлаар оролцох

Иргэд ОНХС-ийн үйл ажиллагаанд мэдээлэл авах, санал авсан болон батлагдсан байдал, батлагдсан саналуудын хэрэгжилт буюу худалдан авах ажиллагаа, гүйцэтгэл, бий болсон хөрөнгө оруулалтын үр ашиг, чанарт хяналт тавих зэргээр эхлэхээс дуусах хүртэлх бүх шатанд оролцох эрхтэй. Мөн түүнчлэн иргэд, иргэдийн бүлэг болон аж ахуй нэгжүүд худалдан авах ажиллагаанд хуулийн дагуу гүйцэтгэгчээр оролцох эрх үүсэх юм.

Иргэн бүр өөрсдийн амьдарч буй орчиндоо тулгамдсан асуудлаа тодорхойлон гаргаж, шийдвэрлүүлэхэд мэдээлэл авах, саналаа гаргах, нийтээрээ хэлэлцэх, гүйцэтгэлд хяналт тавьж оролцох боломжийг ОНХС олгодог.

Энэхүү эрхээ эдлэх, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох, орон нутгийнхаа хөгжлийг өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан бодитой тодорхойлох нь зөвхөн иргэн та биднээс шалтгаалдаг. Энэ оны зургаадугаар сарыг дуустал ОНХС-ийн санал авах үйл ажиллагаа улс орон даяар үргэлжилж байгаа тул та ОНХС-ийн үйл ажиллагааг сонирхож, мэдэж, өөрсдийн амьдралд үзүүлэх ач холбогдлыг нь судалж, саналаа гарган, нийтээрээ хэлэлцэж, хяналт тавьж, мэдээлэл авч идэвхтэй оролцохыг уриалъя.