НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай хурлын үеэр монгол кино гарна

“Өөрчлөгдөж буй тэнгэр” нэртэй богино хэмжээний баримтат киног Шотландын Глазгоү хотноо болж буй дэлхийн уур  өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцын Талуудын 26-р бага хурлын үеэр танилцуулах гэж байна. 

Энэхүү кинонд нийгмийн төлөөлөл, ялангуяа хүүхдийн байр сууринаас монголчуудын өмнө тулгарч байгаа асуудал, сорилтыг харуулжээ.  

 

Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Монголын тэнгэр, газар өөрчлөгдөж, айл өрхүүд өвөг дээдсийнхээ нутгаас хот суурин газар руу нүүхэд хүрч байна. Зуд, ган, цөлжилт, ой хээрийн түймэр зэрэгт өртсөн ч хэн ч анзаардаггүй Монголын олон арван мянган өрхийн хувьд уур амьсгалын өөрчлөлт нь хаа холын мэдээ биш, өнөөгийн бодит байдал болоод байна.

Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Ану-Үжингийн сэтгэл хөдөлгөм яриа томчуудад байгаль дэлхийг хамгаалах үүрэг хариуцлагыг нь  санууллаа. 

Тэрбээр "Зөвхөн би ганцаараа ийм айдастай байдаг гэдэгт итгэхгүй байна. Миний бодлоор дэлхийн бүх хүүхэд адилхан айдастай байгаа байх. Хэдий хүүхдүүд бид айж байгаа ч ямар нэг арга хэмжээ авах ёстой. 

Хүүхдүүд бидэнд хүч чадал бий, бид хийж чадна, хүүхдүүд оролцсоноор бидний дуу хоолой дэлхийг өөрчилнө гэдэгт би итгэдэг" гэж хэлсэн юм. 

Монголын нийгмийн төлөөлөл оролцсон “Өөрчлөгдөж буй тэнгэр” кино нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл хэрэгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дэмжлэг үзүүлэх зорилготой. 

Засгийн газар, бизнес эрхлэгчдийг зөвхөн яриад байх бус  бодлого,  хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа тодорхой өөрчлөлт хийхийг уриалж байна. 

Глазгоү хотод болж буй дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөллүүдийн уулзалт, хэлэлцээрийн үеэр тэр бүр сонсоод байдаггүй хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх  зорилгоор энэ киног бүтээсэн юм. 

Хөдөөний малчид маань уламжлалт нүүдлийн аж ахуйгаа эрхэлж байдаг тул байгалтайгаа нягт холбоотой байдаг. 

Дэлхийн дулаарал нь усны хомсдол, цөлжилт, бэлчээрийн доройтлыг бий болгож, үер, ган, зуд зэрэг гамшигт үзэгдлүүдийг даамжруулж, хүн ам, үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байна. 

Үүнээс хүүхдүүдээ хамгаалахын тулд бид тэднийг мэдлэгтэй, мэдээлэлтэй, дасан зохицох чадвартай болгож, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай болгох хэрэгтэй,” гэж Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Батмөнхийн Наранбаяр ярилаа.

Дэлхийн нэрт эрдэмтдийн хамтран гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх саяхны тайланд хүлэмжийн хий болон байгаль орчинд үзүүлэх бусад хор хөнөөлийг яаралтай бууруулах арга хэмжээ авахыг засгийн газар, олон нийтэд уриалан шаарджээ. 

Ашер Свиденский болон Пипл ин Нийд ОУТББ-ын хамтран бүтээсэн энэ бүтээл нь Монгол Улсын нийгмийн олон төлөөллийг оролцуулсан, хүчирхэг дүрслэлтэй, сэтгэл хөдөлгөм кино юм. 

Уг киног Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Европын холбоо хамтран дэмжиж, санхүүжүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.