Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд мэдээлэгчийг дарамтлах, хууль зүйн хариуцлагад татахаас хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Гэрч, хохирогчийг  хамгаалах тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг тус тус боловсруулжээ.  

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр " Хэн нэгнийг гутаан доромжлох, баримтгүй зүйлийг олон нийтэд түгээхийг шүгэл үлээгч гэхгүй. Шүгэл үлээгчээс авсан мэдээллийг сэтгүүлчид нууцлах эрхтэй. Ингэснээр  эрэн сурвалжлах сэтгүүлзүйд давуу тал үүсгэнэ.

Шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаж, 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэлх урамшуулалтай байхаар зохицуулсан.

Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэвлэл мэдээллийн байгууллагаар гуйвуулсан байна лээ. Сэтгүүлчид хэн нэгний талаар бичихдээ хэнээс ч зөвшөөрөл авахгүй. Иргэн, хувь хүний эрүүл мэндийн талаар бичихээр бол энэ нь нууц гэдэг хамгаалалтад орно.

Энэ хууль гол нь нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг, авлига, экологи сүйрүүлж байгаа, татвараа нууж байгаа, шударга бус өрсөлдөөний талаарх мэдээллүүдэд хамаатай" гэлээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар