Батмөнх Даян Хаан Монголыг нэгтгэсэн бус харин ч улам бутаргасан... Лигдэн Хутагт Хаан Манжийн цэргээс зугтаж яваад Шар талд цэцэг өвчнөөр нас бараагүй... Лигдэн хааны дараа Ордосын Эринчэн жонон Чакраварти цолтой Их хааны сууринд 1649 он хүртэл суусан... гэх мэт мэдээ танд ямар уншигдаж байна.

Сүүлийн арваад жил монголын судлаачид Барууны нэр хүнд бүхий хэвлэлийн газраар нэгэн сэдэвт бүтээл буюу номоо хэвлүүлж чадахгүй байсан "хар цуврал" ард хоцорч, антропологич Л.Мөнх-Эрдэнэ өөрийн номоо дэлхийд алдартай Brill хэвлэлийн газраар хэвлүүллээ. Энэ нь зөвхөн хувь судлаач Л.Мөнх-Эрдэнийн гэхээсээ илүү нийт монголын нийгэм-хүмүүнлэгийн ухаанд том амжилт болсон үйл явдал юм. Учир нь Барууны чансаа өндөр хэвлэлийн газраар номоо хэвлүүлсэн судлаач гарын арван хуруунд багтахаар цөөн юм. Энэ хэрээр ч манай улсын судалгааны чанар, цар хүрээгээ ямархан зэрэгт явааг харж, дүгнэж болмоор.

"Тайжийн Төр хийгээд Дайчин Улсын Мандалт: Чингийн гүрний тогтолцооны бүрдэл" нэртэй тус бүтээлээс та Дайчин улс гэдэг нэр нь монгол хэлний дайчин гэсэн үг болохоос хятадын Дай Чин (Их Чин улс) гэсэн үг биш. Даян хааны удмынхан Лигдэн хутагт хаантай бус Манжийн Нурхач, Хунтайж нартай гэрээ байгуулдаг нь өөрсдийн "тайжийн засгийг" хамгаалах гэсэн оролдлого байсан. 

Манжийн Хунтайж болоод монгол ноёдын холбоо анхны дайралтаараа Лигдэн Хутагт хааныг дийлээгүй тул дахин цэрэглэсэн. Батмөнх Даян хаан улсаа үр удамдаа хуваан өгсөн нь Тайшийн төрийг Тайжийн төрөөр сольсон хэрэг байв. Энэ нь яваандаа монголыг бүр ч олон хэсэг болон хуваагдаж, дов довоо шарлуулсан, бие даасан олон тооны, Даян хааны удмынхны эзэмшил болгосон.

Харин Лигдэн Хутагт хаан энэ мэт толгой даасан өөрийн удмынхныг хүчээр захирах гэж хэд хэдэн амжилттай дайн хийж, олон тайжийг шахамдуулсан тухай. 

Зарим ялагдагч тайж Манжийн төрийг түших болсон учир. Лигдэн Хутагт хаан Манж-монголын цэрэгт ялагдаж байсангүй. Мөн тэднээс дутааж яваад Шар талд цэцэг өвчнөөр ч тэнгэрт хальсангүй. Харин Ордосын Эринчэн жонон, Саган сэцэн нарын зэрэг ноёд урвалга гаргаж түүнийг хороон, Эринчэн жонон Чакраварти цолтой (Хубилай хаан, Түмэдийн Алтан хан нар шиг) Их хаан болж, 1649 он хүртэл бие даан оршиж байв. 

Гэвч тэрээр Хутагт хааны их хатан, хүү Эрх Хонгорын хамт өөрийн ойрын хамаатан Манжийн хаан Хунтайжид очин хоргодож, эвдэршгүй төрийн хасбуу тамгыг тэнд тушаахаас сэргийлж чадаагүйгээс Их хаан гэж бусдаараа хүндлүүлэх боломжгүй болов. Урвалга гаргасан тэрээр бусад тайжаасаа дэмжлэг авч чадсангүй гэх мэтийг мэдэх болно.

Мөн Хунтайжийг Манж-монголын хамтарсан Дайчин улсын хаанд өргөмжлөх ёслолд Даян хааны удмынхан гэхээсээ илүү Хорчин, Харчины буюу Хасар, Зэлмийн удмын ихдээ 27 ноён оролцсон. Мөн Өмнөд монголын голлох 49 ноён оролцсон гэдэг нь хожмын засварласан мэдээ болох тухай. Манжийн их цэрэг Тэнгис вангийн араас явж, Халхтай тулсан ч ялсан удаагүй, ухарч байжээ гэх мэт урьд өмнө монголын түүхийн судалгаанд гарч байгаагүй цоо шинэ дүгнэлт саналыг уншиж болно. 

Тус бүтээл нь Манжийн захиргаанаас өмнөх монгол нутгийн төр захиргаа, соёл заншил, дэг ёс ямар янзтай байсныг бусад судлаачдаас илүү дэлгэрэнгүй, шинээр тайлбарласан давуу талтай бүтээл болжээ. 


Илүү дэлгэрэнгүйг та доорх холбоосоор үзэж болно. https://brill.com/view/title/59728