Казахстанд даваа гаргийг тус улсад болсон үймээний үеэр амь алдагсдын дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.

Өчигдөр тус улсын Эрүүл мэндийн яамаас эмх замбараагүй байдлын үеэр амиа алдсан хүний тоо 164-т хүрсэн гэж мэдээлсэн боловч удалгүй мэдээллээ устгажээ. Уг мэдэгдэлд: 

"Үймээн дэгдснээс хойш Алматы хотод 103, Кызылорда мужид 21, Жамбыл мужид 10, Алматы мужид найман хүн амиа алдсан байна.

Мөн үймээний үеэр 2 265 хүн эмнэлгийн тусламж хүссэний 1 100 орчим нь Алматы хотын иргэд байсан гэжээ. Амиа алдагсдын дунд гурван хүүхэд байгаа" гэж онцлон тэмдэглэсэн байна. Казахстаны Хүүхдийн эрхийн омбудсмен Аружан Саин 11, 15 настай өсвөр насны хүүхэд, мөн дөрвөн настай охин амиа алдсан болохыг баталжээ.