Буяндэлгэрийн Мөнхчимэг
05 сарын 07, 2026
Бүгд Найрамдах Казакстан Улс болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Казакстан улсад дээд боловсрол эзэмших боломжийг Монголын залууст танилцуулах зорилготой “Study in Kazakhstan” боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.
Тус үзэсгэлэн нь 2026 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Corporate Hotel & Convention Centre-т болох бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй сурагч, оюутан залуус төдийгүй их дээд сургуулийн төлөөлөл, боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцон цаашдын хамтын ажиллагааны боломжийг судлан, мэдээлэл солилцохыг урьж байна.
Үзэсгэлэнд Казакстан улсын тэргүүлэх их, дээд сургуулиуд оролцож инженерчлэл, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, анагаах ухаан, боловсрол, бизнес, олон улсын харилцаа зэрэг эрэлттэй мэргэжлийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрүүд; хос диплом болон хамтарсан сургалтын боломж, олон улсын оюутан солилцоо, төрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Казахстан улсын тэргүүлэх их, дээд сургуулийн төлөөллөөс ганцаарчилсан зөвлөгөө авах, Казахстан улсад суралцахын давуу тал, төгсөөд ажиллах карьерын боломжуудтай танилцахаас гадна их сургуулиудын кампус, лаборатори, судалгааны төвүүд, инновацын төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Казакстан улс нь Төв Азид боловсролын чанараараа тэргүүлэх улсын нэгт тооцогддог ба олон улсын магадлан итгэмжлэлтэй хөтөлбөрүүд, орчин үеийн боловсролын системийг хөгжүүлэн, шинжлэх ухаан, судалгааны салбарт онцгой анхаарч, дижитал технологийг идэвхтэй нэвтрүүлснээр дэлхийн түвшний чанартай боловсрол эзэмших сонирхолтой залуусын хувьд сонирхол татахуйц шинэ үүд хаалга болж байна.
“Study in Kazakhstan” үзэсгэлэн нь Монголын ирээдүйн оюутнууд болон боловсролын байгууллагуудад Казакстаны орчин үеийн дээд боловсролын тогтолцоо, олон улсын түвшний сургалтын орчин, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг танилцуулах томоохон платформ болох тул та энэ боломжийг битгий алдаарай.



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.