Хүдэрчулууны Хулан
06 сарын 18, 2025
“Сансрын зуслан” гэв үү? Юу гэсэн үг юм бол, магадгүй “Хүрэл тогоот”-ынхтой төстэй үзвэрийн орчныг бүрдүүлсэн хүүхдийн зуслан юм болов уу. Өө, “ДүДү”-гийн Д.Мөнхтулга санаачлагч нь юм байна шүү дээ. Тэгэхээр технологийн агуулгатай, тэр чиглэлийн хичээл, сургалттай л байж таарна. Ер нь “мань хүнээс” өөрөөс нь асуугаад тодруулчихъя.
Олон улсын оролцоотой олон улсын зуслан монголд...
Эцэг, эхчүүд хүүхдээ зуслан дээр юу хийж байгаад санаа тавьдаггүй. Таны хүүхэд ямар хөтөлбөрт суралцаад юу мэдрээд, хэн болоод ирэх вэ гэдэг уг нь хамгийн чухал.
2012 оноос бид сансар огторгуйн чиглэлээр хүүхдүүдийн танин мэдэх, шинжлэх ухаанд дурлах сэдлийг нь өдөөх үүднээс сансрын хөтөлбөрүүдийг хийсэн. Олон улсын шинжлэх ухааны хамгийн том үйл ажиллагаа явуулдаг “Дэлхийн сансрын долоо хоног” буюу World Space Week Association байгууллагын монгол дахь албан ёсны зохион байгуулагчаар ажиллаад гурав дахь жилдээ “Дэлхийн сансрын долоо хоног”-ийг монголдоо зохион байгуулж байна.
Хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах, танин мэдэх хүсэл эрмэлзлийг нь өдөөж өгдөг хүчин зүйлс байдаг. Өмнө нь ч тийм байсан, одоо ч, ирээдүйд ч хамгийн бат суурьтай байх зүйл бол сансар огторгуй, гараг эрхэс, одон орон байдаг.
Миний бие НАСА-гийн сансрын зуслангийн хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Энэ жил бид монголдоо анх удаа олон улсын сансрын зусланг олон улсын мэргэжлийн байгууллагууд, монголд энэ салбарт ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах гэж байна.
Видео үзэх:
Монгол хүүхдүүд анх удаа хатуу түлштэй пуужин хийж хөөргөнө
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийг түшиглэнэ. Энэ зуны хугацаанд “Найрамдал”-ыг сансрын зуслангийн орчин болгохын тулд нэлээд олон тоног төхөөрөмж буюу хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнүүдийг захиалж авчирч байна.
Зөвхөн 9-16 насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр. Гурван насны ангилалтайгаар пуужингийн анхан шатны болон дунд шатны ойлголтыг өгнө. Тэр бүү хэл, хүүхдүүд хөтөлбөрийнхөө төгсгөлд хатуу түлштэй пуужингуудыг өөрсдөө хийж хөөргөх /монголд анх удаа/ хичээл заалгах жишээний.
Мэдээж, агаарын хүч, steam боловсрол, роботиктой холбоотой маш олон үйл ажиллагаа явна. Гарын доорх материал ашиглан олон төрлийн туршилт хийж болдгийг ч харуулна. Үүний цаадах, хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл маш хомс нөөц, хязгаарлагдмал зүйлээр, эсвэл бидний хаягдал гэж боддог зүйлийг хэрхэн хязгааргүй зүйл болгож, шинжлэх ухаанчаар ашиглаж болдог вэ гэдэг ойлголт, мэдлэгийг хүүхдэд өгөх нь маш чухал.
Нөгөө талаар, монголд байдаггүй хатуу түлштэй пуужин, эсвэл сансрын нисгэгчийн 360 XS гэх мэт олон зүйлийг сансрын зусландаа зориулаад гадаададзахиалан хийлгүүлж авчирч байгаа.
Хүүхдүүд өөрсдөө ундааны саваар пуужин хийгээд түүнийгээ асар өндөрт хөөргөөд, эсвэл хогны гялгар уутаар хийсэн шүхрээрээ буугаад ирэх тэр мэдрэмжийг аваад “Wow” гэж гайхширснаар дараа нь өөрөө сошиал орчин, аливаа контентуудаас судлан сонирхож, мэдээллүүдийг авах боломжийг нь бүрдүүлж байгаа хэрэг. Энэ л суурийг бид сансрын зуслангийн жижиг үйл ажиллагаа болгоноороо дамжуулж өгөхийг хичээж байгаа.
Бид “Найрамдал” зуслангийн үндсэн хөтөлбөрөөс гадна 30 гаруй төрлийн үйл ажиллагааны хэсгийг сансрын зусландаа оруулж өгсөн.
Хүүхэд зусланд амраад зөөлөн орон дээр унтаад, бэлэн хоол идээд явах нь чухал биш. Харин өөрийгөө таньж мэдэх, багаар ажиллахын утга учрыг ойлгож мэдэх, найз нөхдийн харилцаанаас магадгүй цоо шинэ хүсэл тэмүүлэлтэй болоод, “Цаашдаа би хэн байх вэ?” гэдгээ олж тодорхойлох гэх мэт ач холбогдол бидний хэрэгжүүлж буй сансрын хөтөлбөрийн цаана бий.
Хямд зардалтай том “кайф”
Одоогоор 12 улсаас мэргэжлийн багууд манай хөтөлбөрт зорьж ирж байна. Гадаадын 100 орчим хүүхэд ирж байна. Монголын өнцөг булан бүрээс хүүхдүүд бүртгүүлж байгаа.
“НАСА”-гийн зуслан болон бусад улс орны сансрын зуслангийн төлбөр асар өндөр байдаг. Нэмээд нислэгийн болон аяллын өдрүүдийн зардал гарна. Сансрын зусланг монголд хийснээр монгол хүүхдүүд бусад улс орны сансрын зуслангийн жишигт нийцүүлсэн орчин, хөтөлбөрүүдэд очиж оролцох боломжийг бүрдүүлсэн хэрэг.
“Сансар биднээс тийм ч хол биш” гэдэг ойлголтыг сансрын зуслангийн хөтөлбөрөөр өгдөг. Хэдийгээр зарим нэгэн сансрын хөлөг, хэрэглэж байгаа зүйлүүд маань хүүхдийн тоглоом мэт санагдаж болох ч түүний цаадах суурь өгөгдөл, мэдрэмжүүд нь л хүүхдүүдэд өгч байгаа хамгийн чухал зүйл. “Технологи тийм хол биш”, “Технологи маш чухал” гэдгийг ойлгуулж байна.
Түүнээс биш заавал сансрын нисгэгч болгох гээд байгаа юм биш. Үүний цаана хүүхэд илүү зорилготой, хүсэл мөрөөдөлтэй, алсын хараатай, боловсорч хөгжихийн тулд өөрийгөө илүү дайчилдаг болох сэдлийг сансрын зуслангийн хөтөлбөрүүд олгодог.
“Бидэнд хүсэл мөрөөдөлтэй илүү олон хүүхэд хэрэгтэй”
Манай сансрын зуслангийн үеэр Ж.Гүррагчаа баатар зөвлөхөөр оролцож байгаа. Түүний астропаркийнхны үзүүлэнгийн материал, одон орон, планетариум, сансрын хоол хүнс гэх мэт маш олон зүйл манай хөтөлбөрийн нэг хэсэг нь.
Зуслангийн үйл ажиллагаа 2025 оны долдугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд болно. Яг одоо бид бүртгэлээ www.kampmongolia.comвэбсайтаар хийж байна. Дахиад хэлэхэд манай зуслан дан ганц сансар, шинжлэх ухааны үйл ажиллагаа биш. Орой, өглөөний хөтөлбөр, тэр бүү хэл шөнө од харах үйл ажиллагаа ч бий.
Магадгүй, майханд хоноод, нааран орон дээр унтаад, “нусаа хацартаа наагаад”, “хүн болоод”, бие даагаад ирнэ. Асуудал тулгарвал даван туулаад, тэр зүйлийг мэдрээд ирэх нь зуслангийн хөтөлбөр юм билээ.
Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд, ямар нэгэн байдлаар хүүхдээ заавал зуслангийн хөтөлбөрт хамруулаарай. Хүүхэд тань өөрөө бие даагаад ирнэ. Маш олон эерэг өөрчлөлт бий болдог.
Бидэнд маш их хүсэл мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй, “танин мэдье” гээд нүд нь гялалздаг хүүхдүүд байгаа. Тэр нүдний, ялангуяа бага насныхны тэр “оч”-ийг унтраахгүйгээр дунд анги, ахлах анги руу нь шилжүүлж өгч чадах л юм бол бидэнтэй бидэнгүй хүүхдүүд хүсэл тэмүүлэлтэй болно.
Миний бие Флорида мужид байдаг, Кеннедигийн сансрын төвийн хоёр хоногийн хөтөлбөрт оролцсон билээ. Тэнд үзүүлсэн танин мэдэхүйн бүх контентынх нь төгсгөлд “НАСА”-гийнхан нэг л зүйлийг хэлээд байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр, “Бидэнд мөрөөдөлтэй илүү олон хүүхэд хэрэгтэй байна” гэсэн. Хоёрдугаарт, “Ирээдүйд бидэнд илүү олон инженер хэрэгтэй байна” гэсэн. Тэгвэл өнөөдөр монголд хэдэн 100 дахин үржүүлсэн хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд, түүнээс олон инженер хэрэгтэй байгаа. Үүний төлөө л бид суурийг нь тавиад явж байгаа юм.
Сансрын зусланд https://kampmongolia.com/ сайтаар нэвтрэн бүртгүүлээрэй.
7509-9966
1108 - UB Tower Plus Office, БЗД, УБ, 13374
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [45.117.35.7] ・ 28 өдрийн өмнө Хариулах
Үнэхээр гоё зүйлийг зохион байгуулж байгаан байна. Баяр хүргэе. Бидэнд яах аргагүй илүү олон мөрөөдөлтэй хүүхдүүд хэрэгтэй байна аа
Зочин [103.212.162.157] ・ 28 өдрийн өмнө Хариулах
Энэ хөтөлбөр яг хэрэгтэй чухал хөтөлбөр.Эцэн эхчүүд хүүхдүүдийнхээ зуныг маш хэрэгтэй. хөтөлбөрт хамруулж ашигтай өнгөрөөвөл хүүхэд цаашдаа өөрсдөө бие даагаад суралцах хүсэл сонирхол нь нэмэгдэнэ
Санал болгох
1 Б.Бат-Эрдэнэ: Бөхөөсөө хардаг жудаг ёс, сайн сайхан хүлээлт бүх монголчуудад бий
2 Кужа: Хөдөө талд очиж морин хуураа тоглож, хөөмийлнө гэхээс тэсэж ядаж байна
3 Ипотекийн амь насны даатгал зээлдэгчид ашигтай
4 З.Даваажаргал: Сурагчийн сэтгэл зүй сайжрахад сурлагын чанар нь дээшилдэг
5 ЕБС-ийн менежментэд мэдэгдэхүйц үр дүн гарсан хичээлийн жил байлаа