С.Гандэлгэр: Сэтгэл зүйгээ бэлдэж чадсан хүүхэд идэвхитэй, амжилттай сурдаг

Монгол хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийг сайжруулж, гадаадын их сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцахад туслах зорилготой "Боловсрол төсөл ES4" төслийг 3 жилийн турш хэрэгжүүлсэн багийнхантай уулзлаа. Төсөлд нийтдээ 300 гаруй сурагчдыг хамруулаад байгаа аж. Мөн хөдөө орон нутгийн сурагчид руу чиглэж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд жил гаруй хугацаанд гуравдугаар ангийн хүүхдүүдтэй ажилласнаараа онцлогтой төсөл болжээ. 

Уулзалтын үеэр "Боловсрол төсөл ES4" сургалтын төвийн багш С.Гандэлгэр төслийн үр дүнгээс хуваалцаж, хүүхдийн сурах арга барилыг сайжруулах талаар эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өглөө. Тэрбээр боловсролын салбарт 40 гаруй жил ажилласан тэргүүлэх зэрэгтэй багш юм. 

"Гадаад хэлийг зааж сургахад 3 дугаар ангийнхан буюу 8 настай хүүхдүүд хичээлийг хүлээж авах нь хурдан, богино хугацаанд илүү үр дүнтэй суралцаж байна. 1-2 дугаар ангийн сурагчдын хувьд гадаад хэл сурахад нас нь балчирдаж, хичээлийг бүрэн дүүрэн ойлгоход хүндрэлтэй байлаа. Харин 5 ангийн сурагчид харьцангуй удаашралтай сурч байна. Тиймээс юун түрүүнд эцэг эхчүүдэд  хүүхдэдээ гадаад хэл сургахаар төлөвлөж байгаа бол 3 дугаар ангиас нь эхэлж анхаарахыг зөвлөе. 

Манай багш нар нэг жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын бага сургуульд 3 дугаар ангийн сурагчидтай ажилласан.

Ингэхэд хөдөө орон нутгийн хүүхдүүд хотын сурагчдаас удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж, илүү идэвхи санаачлагатай суралцаж байгаа нь харагдсан. 

Хотын хүүхдүүдийн хувьд хичээл хийх үедээ амархан сульдах ядрах шинжтэй болж, уцаарлангуй аашилж эхэлдэг.  Үүнээс нь болоод багш сурагчдын хооронд харилцааны асуудал тулгарч, хичээлээ үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болдог тал бий. 

Тиймээс сурагчдад чиглэсэн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгцээтэйбайна гэж үзээд манай төслийн зүгээс сэтгэл зүйн хичээл орж эхэлсэн л дээ. 

Жишээ нь хүүхдүүдээ завсарлагааны үеэр нүдийг аниулаад "Юу бодогдож байна вэ?" гээд асууна. Тэгэхэд хүүхдүүд "Машин сигналдаж байна" гэдэг ч юм уу гадаад орчинд анхаарал нь сарнисан байдаг.  Дэмжигч багш нарын зүгээс хариу үйлдлийг нь яаж эергээр эргүүлж, төвлөрч сурах вэ гэх мэтээр сэтгэл зүйгээ ойлгоход нь  арга зам заадаг.  Өндөр хөгжилтэй орнууд сургалтад бясалгал ашиглахыг аль хэдийн нэвтрүүлсэн байна.

Ингэж сэтгэл зүйгээ ойлгож, бэлтгэсэн хүүхэд идэвхтэй, амжилттай сурдаг.  Гэтэл хүүхдүүд маань гэртээ болсон таагүй явдлаас, ангийн найзтайгаа зөрчилдсөнөөс сэтгэл зүй нь тогтворгүй болж сурах идэвх буурдаг. Тэгэхээр энэ тал дээр нь эцэг эхчүүд маань ч бас анхаарах шаардлагатай.


#Хэт их даалгаварт дарагдсан хүүхдүүд сурахаас залхах хандлагатай болж байна

Эцэг эхчүүд маань  гэрт харах хүнгүй, ойр зуур хүргэж өгч чадахгүй гэдэг шалтгаанаар бага ангийн хүүхдээ өдөр өнжүүлэхэд явуулах болжээ.  

Нэг талаас хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, даалгаврыг нь хийлгээд амар байж болох юм. Гэвч хэтэрхий их даалгаварт дарагдаж, өдөржин хичээл л хийдгээс болоод зарим хүүхэд сурахаас залхаж, цааргалдаг болсон байна. 

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ өдөрт хэдэн цаг хичээллүүлэх вэ, ямар хичээл заалгах вэ гэдгээ нухацтай бодож сонголт хийгээрэй. 


#Гадаадад их сургууль төгсгөх зардлаар Монголд хувийн ЕБС-ыг дүүргэж байна

Хүүхдэдээ чанартай боловсрол олгохын тулд өндөр төлбөр төлж хувийн сургуульд сургах хандлага улам бүр нэмэгдэж байна.

Нэг хүүхдийг хувийн сургуульд 12 жилийн турш сургах зардал дунджаар 180-300 сая төгрөг болж байна. Зөвхөн ерөнхий боловсролын сургуулиа төгсөхийн тулд зарцуулж буй энэ үнээр гадаадад их сургуулийн төлбөрөө төлөөд сурчхаж ч болохоор байна.

Гэтэл хувийн сургууль төгссөн хүүхэд болгон гадаадын их сургууль тэнцэж, тэтгэлэг авч чадах уу гэвэл үгүй. Боловсролын салбарт олон жил ажиллаж буй багш хүний хувьд эцэг эхчүүдэд хүүүхдээ үнэ төлбөргүй улсын сургуульд суралцуулахыг зөвлөе. 

Ингэхдээ ЕБС-даа суралцахын хажуугаар хүүхдүүдийн ур чадварыг хөгжүүлж, нөөцийг нь нээх чадвартай, туршлагатай, чанартай сургалтын төвд тодорхой чиглэлээр сургах нь илүү үр дүн үзүүлнэ.

Тухайн хүүхэд маань өөрийгөө даачилж, биеэ даан суралцаж чадвал харьцангуй бага зардлаар сураад ахлах сургуулиа төгсөөд гадагшаа тэтгэлэгтэй сургах боломж бий гэдгийг санаарай.

Холбоотой сэдвүүд

багш боловсрол сургалт хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.