Л.Дэлгэрмаа
04 сарын 11, 2022
Энэтхэгийн нэгэн тосгонд гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд 18 метр урт, 500 тонн жинтэй төмөр гүүрийг буулгаж, төмрийн хаягдал болгон худалдсан хэргийг цагдаа нар шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Энэтхэгийн Бихар мужийн нийслэл Патна хотоос өмнө зүгт 150 км-ийн зайд орших Амиявар тосгонд энэ сарын эхээр хуучин төмөр гүүрийг буулгахаар засварын ажилчид хийн таслагч болон хүнд тоног төхөөрөмж бэлтгэн ирсэн байна.
Уг төмөр гүүрийг 1972 оноос ашиглаж эхэлжээ. Харин таван жилийн өмнө шинэ бетон гүүр барьснаар зогсоосон бөгөөд тосгоны оршин суугчид аюулгүй байдлын үүднээс орон нутгийн засаг захиргаанд тус хуучин гүүрийг буулгах хүсэлт тавьдаг байсан гэнэ.
Тиймээс тэдгээр засварын ажилчид “Нутгийн удирдлагууд биднийг төмөр замын гүүрийг буулгах ажилд томилсон” хэмээн хэлэхэд тосгоныхон эргэлзэлгүй итгэсэн аж.
Гурав хоногийн турш гүүрийг бүхэлд нь буулгасныхаа дараа тэд хаягдал төмрийг машинд ачаад тайван гэгч алга болжээ.
Энэ тухай мэдээг оройтож сонссон орон нутгийн удирдлагууд төмөр замын гүүрийг буулгах үүрэг ер өгөөгүй хэмээн энэ сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
Цагдаагийн албаны хүний мэдэгдсэнээр “Засварын ажилчдын дүрээр гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд уг хэргийг үйлдсэн болохыг илрүүлсэн” гэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.