Бар жилд үргэлжлэх сэдвийн нэг нь Хөгжлийн банк. Бие даасан хуультай, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх зорилготой тус банк үүсгэн байгуулагдаад 11 жил болох гэж байна. Эдийн засагт өсөлт, нийгэмд ажлын байр бий болгох, үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих учиртай, ийм л чиг үүрэгтэй Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн 55.3 хувь чанаргүй ангилалд шилжээд байгаа. Мөнгөн дүнгээр 1.6 их наяд төгрөгийн зээл эрсдэлд ороод буй.  

Төв банкны шалгалтаар Хөгжлийн банкны "эрүүл мэнд" ихээхэн хүнд, ноцтой байгаа нь дээрх тоон үзүүлэлтээр тогтоогдсон юм. Тиймээс яаралтай арга хэмжээ авах, зээлийн чанарыг сайжруулах, зээлээ төлөхгүй байгаа хэсгийг холбогдох шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, нэг ёсондоо хатуухан ярихаар болов.  Зээлийн дэмжлэг үзүүлсэн боловч үүнийг хөсөрдүүлж, итгэл алдсан аж ахуйн нэгжтэй төрийн хуулийн нэрийн өмнөөс тогтоол унших хэмжээнд асуудал хурцдаж байгаа нь энэ. Ийм байдал руу хариуцлагагүй зээлдэгч нар авчирсан байна. Давхар хувийн хэвшлийн нэр хүндийг цөөн хэдэн хүний үйлдэл сэвтээлээ. 

Дараа дараагийн зээл авах, санхүүжилт хүсэх, хөрөнгө татах бизнес эрхлэгчдийн боломжийг мөн үргээв.  Хөгжлийн банкны муу зээлдэгч нартай эхлүүлсэн "дайн" намжих бус ирэх хаврын салхиар улам өдөөгдөх нь дамжиггүй. Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Н.Мандуулын хувьд улс төр, бизнестэй хутгалдаагүй, Сангийн яамны бэлтгэгдсэн, тоон дундаас гарч ирсэн залуусын нэг гэдгээрээ нийгэмд танигдаж яваа. Түүний өмнө гүйцэтгэх захирлаар 5 хүн ажиллаж байсан.  Хамгийн эхнийх нь Ким Жан Жин.  

Өмнөд Солонгосын иргэн. Түүнийг ажиллаж байх хугацаанд 294 тэрбум төгрөгийн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн зээл гарсан байдаг. Монголбанкны шалгалтаар уг зээл нь чанаргүй гэсэн ангилалд орсон. 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн "эзэн" нь төр бус Худалдаа хөгжлийн банк болж, түүний хамаарал бүхий этгээдийн гарт энэ үйлдвэр шилжээд байгаа.  Н.Алтанхуягийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан "Фортуна" Н.Батбаярын ойрын хүн гэгдэх Н.Мөнхбат Хөгжлийн банкны 2 дахь CЕО болж, түүний цаг үед нийтдээ 960 тэрбум төгрөг, 2016 оны парламентийн сонгуулийн дараа Б.Батбаяр захирал болж, 487 тэрбум, одоогийн УИХ-ын гишүүн, "Шарк танк" Г.Амартүвшингийн үед 33 тэрбум төгрөгийн чанаргүй зээл тус тус үүссэн байна. Нийт 1.7 их наяд төгрөгийн чанаргүй актив буюу муу зээл энд хуримтлагджээ.

Үүн дээр нэмээд 200 тэрбум төгрөгийн эргэлзээтэй зээл байна.  

Засгийн газар, УИХ-ын түвшинд Хөгжлийн банкны зээлийн чанартай холбоотой асуудал яригдаж байна. Хаврын чуулганаар хуулийн шинэчлэл нь орж ирнэ. Тус банкны зээлийн эх үүсвэр бол төр баталгаа өгч, эрсдэлийг нь бүрэн хариуцсан олон улсын зах зээлээс босгосон хөрөнгө. Тиймээс Засгийн газар, Хөгжлийн банкны шинэхэн удирдлага хариуцлагагүй зээлдэгчдийг улам давраах бус даруйхан зээлээ төлөхийг шаардаж, олон нийтэд эхний ээлжинд том толгойтой, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 25 компанийн 841 тэрбум төгрөгийн өр төлбөрийг зарласан. 

Эдгээр компанийн ард улс төр, бизнесийн нөлөө бүхий олон хүний нэр гарч, ямар нэгэн байдлаар холбоотой нь илэрхий болсон. Хөгжлийн банкны муу зээлдэгч нартай эхлүүлсэн "дайн" нийгэмд шударга бус байдал гаарсныг давхар илчилж, олон нийтийн анхаарлын төвд орлоо. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Хөгжлийн банкаа цэгцлэх, эрх зүйн орчныг нь сайжруулах, засаглалд нь засвар хийх их ажил руу явж оржээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ажлаа аваад 8 зээл шүүхэд шилжүүлсэн байна.

Түүний хувьд энэ албанд томилогдоод тавхан сарын нүүр үзэж буй. Энэ хугацаанд Хөгжлийн банкны зээлийн чанарт мөн шалгалт оруулж амжжээ. Эндээс их зүйл тодорхой болж, ширүүхэн дайралт дунд ажиллаж байна. Түүний өмнө ажиллаж байсан Н.Мөнхсүх 7 зээл шүүхэд шилжүүлж, шийдүүлэх хүсэлт гаргасан бол Г.Амартүвшин 10 зээл шүүхэд мэдүүлжээ. Эдгээр зээлийн учрыг олох амаргүй өдрүүд Хөгжлийн банкны өмнө ирлээ. Товчхондоо, Сангийн сайд Б.Жавхлан, Хөгжлийн банкны Н.Мандуул өнгөрсөн 10 жилийн ужгирсан, завшсан зээлийн эзэдтэй "дайн" зарласан нь Хөгжлийн банкаа цэгцлэх, татвар төлөгчдийн мөнгийг хамгаалах, улсаараа дэнчин тавьсан зээлийн эргэн төлөлтийг хэвийн байдалд оруулах цаг үе, Засгийн газрын даалгавар юм. Ирэх жил Хөгжлийн банк 800 сая ам.доллар олон улсын хөрөнгө оруулагчдад төлөхөөр байгаа юм. Тэдний мөнгийг бид тодорхой хугацаагаар зээлж авсан нь ийнхүү шавдуулах, шамдахад хүргэв. 

Хөгжлийн банкаа аврах ажиллагаа ийнхүү эрчимжлээ.