Nikkei Asia: Монгол Францын ураны хэлцэл 1.7 тэрбум ам.доллароор хэмжигдэнэ

П.Мөнгөнсор
10 сарын 16, 2023

Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад 4 өдрийн төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцаанд гарсан томоохон дэвшил байв. Шинжээчдийн таамаглаж байснаар айлчлалын гол сэдэв ураны хэлцлийн хүрээнд өрнөлөө. 

Манай улс гуравдагч хөршийн түншлэлтэй Францтай ийнхүү ураны салбарт хамтран ажиллаж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, олон ч хэвлэлүүд бичиж байна. 

Энэ дундаас Азийн улсуудын эдийн засгийг тоймлон бичдэг“Nikkei Asia”-ийн нийтлэлийг орчуулан хүргэе.

Монгол болон Францын төрийн тэргүүнүүд Монголын говиос уран олборлох хэлцлийг эхлүүлж, 1.6 тэрбум еврогийн /1.7 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Ураны олборлолт 2028 оноос эхэлнэ.

"Орано" группийн ерөнхийлөгч Клод Имаувен

Монголчууд “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд дэлхийн улс орнуудтай дипломат харилцаагаа тэлэхийг эрмэлзэж байна. Харин Франц улс газрын ховор элементийн эх үүсвэрээ нэмэгдүүлэхийг зорьж буй. Өөрөөр хэлбэл хоёр орны ашиг сонирхол нэг үзүүрт зангидагдаж байгаа нь ураны олборлолт юм гэж Парист төвтэй стратегийн судалгааны сангийн судлаач Антуан Мэйр онцолжээ. 

“Орона” группээр удирдуулсан ураны үйлдвэрлэлтийн ажил ирээдүйд дэлхийн нийт уран олборлолтын 4 хувийг эзлэх ач холбогдолтой ажил болно хэмээн Франц улс найдаж байгаа аж. 

“Орона” группийн охин компани Арева Монголд 20 гаруй жил хайгуул хийхдээ Зөөвч-Овоогоос /54 мянга гаруй тонн ураны нөөцтэй гэж тогтоогдсон/ гадна Дулаан-Уулд мөн ураны нөөц байгааг тогтоосон байна.

Түүнчлэн хоёр улс уранаас гадна литийн олборлолтын салбарт хамтран ажиллах боломжтой талаар хэлэлцжээ. 

Ихэнх цахилгаан бараа үйлдвэрлэхэд лити шаардлагатай тул Францын сонирхол литийн эх үүсвэрээ нэмэхэд чиглэх нь ойлгомжтой.

Үүний хариуд Франц Монголд олон улсын харилцааны стратегид бие даасан тоглогч байхад туслалцаа үзүүлэх юм. Тодруулбал, Францын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсад хэдэн арван сая еврогийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт олгоно гэж Францын албаны хүн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.