Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 15 үзэгдэлт жүжгийн нээлт 10 дугаар сарын 03-нд болно. Тус жүжгийн талаар Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Анна Каренина” роман тэр чигтээ амьдралын философи

Мэдээллийн үеэр тус жүжгийн ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар "“Анна Каренина”-гийн тухайд бид ч их хичээлээ, та бүхэн ч удаан хүлээлээ. Одоо бидний уулзах цаг болсон байна. 10 дугаар сарын 03-нд буюу дөрөв хоногийн дараа энэ бүтээл үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. 

Яагаад энэ жүжгийг хийх болсон бэ гэхээр, нэгдүгээрт “Анна Каренина” дэлхийд данстай роман, хоёрдугаарт дэлхийн соёлт хүн бүрийн унших, бодож тунгаах дуртай зохиол юм. 

Энэ зохиол яагаад алдартай байдаг вэ гэхээр нас насанд өөр өнгөөр харагддагт энэ романы ид шид оршдог. 10 дугаар ангийн сурагч уншихад нэг өнгө харагдана, 20 насандаа уншихад дахиад өөр өнгө харагдана. Цаашлаад 40, 60 насны өнцгөөс харахад өөр өөр өнгөтэй, өөр зүйл бодох бодролыг төрүүлдэг. Үүнээс “Анна Каренина” роман тэр чигтээ амьдралын философи гэж ойлгож болно. 

Энэ романд 19 дүгээр зууны сүүл үеийн тухай гардаг. Тухайн үеийн нийгмийн араншин өнөөдрийн манай нийгмийн араншинтай яг давхцаж байна. 

Тухайлбал, Анна алдартай дуучин, жүжигчин, улс төрч, нийгмийн том зүтгэлтэн биш. Тэр жирийн нэгэн бүсгүй. Түүний амьдрал ер нь хэнд хамаатай юм бэ. Хэнд ч хамаагүй хувь хүний асуудал. Гэтэл үүнийг нийгэм даяараа асуудал болгож, фэйсбүүкийн яриагаар "сэвсээр" байгаад тухайн бүсгүйг амиа хорлох нөхцөлд хүргэсэн. 

Нэг ёсондоо хүний хөнжил рүү битгий толгойгоо хийгээд бай. Урдах амьдралаа хичээ, ажил хий, хөдөлмөрлө, бүтээлч бай, хов жив  бүү хөөцөлд гэсэн утга үүний ард оршиж байгаа. 

Би найруулагч хүний хувьд манай нийгэмд байгаа дээрх шиг асуудалд эмзэглээд "Анна Каренина” романыг жүжгийн зохиол, жүжиг болгоод одоо цаг үед хийх нь нэн шаардлагатай юм байна гэж үзсэн. Бид ийм эмгэнэлтэй байгаа. Нийгэм өөрөө сэтгэл зүйн хувьд парадокс шинжид орж байна. Үүнийг Лев Толстой 150 орчим жилийн өмнө харсан юмуу, энэ үйл явдал өнөөдөр хувь зохиолоор бидэнтэй давхцаад ч байгаа юмуу.

Дэлхийн том театрууд "Анна Каренина”-г тоглодог. Үүнийг хийснээрээ академик шинж чанараа илүү бататгадаг. Ард нь жүжигчдийн ур чадвар, мэдлэг оюун үргэлж дээшилж байдаг. Нөгөө талдаа үзэгчдэд хүргэж, үзэгчдийн оюуны чадавх, оюуны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд энэ жүжгийн гол зорилго оршиж байгаа. 

Бид өнөөдөр тусгаар тогтносон улс. Хэлтэй, хилтэй, төртэй, ард түмэнтэй. Гэхдээ оюуны тусгаар тогтнол алдагдаж байна. Яг энэ цаг үед Улсын драмын эрдмийн театрын хамт олны бүтээсэн энэ бүтээл өөрийн гэсэн ухаарал, амьдрах итгэл, өөрийгөө хянах, өөртөө дүгнэлт хийх асуудлыг тавьж чадна гэж би бодож байна. 

"Хүн бүхэн ертөнцийг өөрчлөх тухай боддог хирнээ өөрийгөө өөрчлөх тухай яагаад боддоггүй юм бол" гэж Лев Толстойн өөрийнх нь асууж хэлсэн үг байдаг. Энэ түлхүүр үг дээр гишгэлж, уг бүтээлийг хийсэн" хэмээлээ.

“Анна Каренина” жүжгийг 10 дугаар сарын 03-нд нээхэд бэлэн гэдгээ баталж, өнөөдөр сэтгүүлч, хэвлэлийн ажилтнуудад тоглож үзүүлснээс гэрэл зургаар хүргэж байна.

Тус жүжгийн:

  • Ерөнхий продюсер - Д.Цэрэнсамбуу /УГЗ/
  • Ерөнхий найруулагч - Н.Наранбаатар /Төрийн соёрхолт/
  • Ерөнхий зураач - Т.Ганхуяг /СТА/
  • Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва
  • Хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр /СТА/
  • Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/
  • Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/
  • Ассистент найруулагч – А.Чингүн /СТА/
  • Туслах найруулагч - О. Итгэл

Гол дүрд :

  • Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
  • Алексей Вронский - Т.Сэргэлэн
  • Алексей Каренин - Б.Жаргалсайхан /УГЖ/

II дүрд:

  • Константин Левин - С.Болд-Эрдэнэ /СТА/
  • Анна /хувь заяа/ - Н.Сувд /ТС АЖ/
  • Долли Облонская - Г.Урнаа /УГЖ/
  • Кити Щербацкая - Д.Хулан
  • Степан Облонский - Л.Дэмидбаатар /УГЖ/
  • Бетси Тверская - М.Тогтохжаргал /СТА/
  • Туслах дүрд: 
  • Варя Вронская - С.Сарантуяа /АЖ/
  • Щербацкий Ван – П.Цэрэндагва /АЖ/
  • Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/
  • Серёжа – Т.Маргад нар тогложээ.


Жүжгийн үргэлжлэх хугацаа: 2 цаг 40 мин

Насны ангилал: +15

Цахим тасалбар худалдан авах:  https://ticket.mn/event/967/