Ноолуурын салбарынхныг нэн хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийн хөтөлбөрт хамруулна

ГАНБАТЫН БАТЗАЯА
11 сарын 13, 2023

Монгол Улс малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгаа солонгоруулах нэг гарц нь ноос ноолуурын салбар. Гэвч нөгөө талаас бэлчээрийн доройтол энэ боломжийг хязгаарлаж байна. Тэгвэл ноолуурын үйлдвэрлэлийг урт хугацаанд үр ашигтай үргэлжлүүлэхийн тулд байгаль орчинд ээлтэй, тогтвортой арга хэлбэрийг сонгохоос аргагүй.

Иймээс өнөөдөр НҮБХХ-ийн дэргэдэх Монголын тогтвортой ноолуурын платформ болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь /АДАПТ/ төсөл хамтран анх удаа “Тогтвортой ноолуурын өдөр-2023” арга хэмжээ зохион байгууллаа.

Анх удаа зохион байгуулсан тус арга хэмжээнд төр, хувийн хэвшил, малчид, хоршоод, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд оролцож тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн чиг хандлагын талаар хэлэлцсэн юм.

Т.Жамбалцэрэн: ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Т.Жамбалцэрэн: Ноос ноолуурыг салбарын хөгжлийг эрчимжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлнэ. Үүний нэг нь энэ салбарынхныг нэн хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийн хөтөлбөрт хамруулах юм. Төслийг нь энэ долоо хоногт эцэслэж, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр үйлдвэр, аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. 

Матилда Димовска: Ноолуурын салбар бол Монгол Улсын эдийн засгийн чухал салбар.  Сая орчим малчдын амьжиргааны гол эх үүсвэр. Нэг талаас нь харахад эдийн засгийн чухал нөлөөтэй ч, нөгөө талаас энэ нь байгаль орчин, бэлчээрийн доройтолд нөлөөлж байна. Цаашид байгаль орчинд ээлтэй, тогтвортой хэлбэрээр дэмжиж ажиллах нь чухал. Үүнийг бодит ажил хэрэг болгоход бүх шатанд тогтвортой арга, дадлыг нэвтрүүлэх хамтын манлайлал хэрэгтэй. Энэ манлайллыг дэмжин ажиллаж буйдаа маш их баяртай байна.

 Матилда Димовска: НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч

Д.Мөнгөнцэцэг: Малчдын хоршоод ноолуурыг ангилж ялгах боломжтой

Өнөөдрийн арга хэмжээний үеэр Монгол Улсын мал аж ахуйн салбарын тогтвортой, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн талаар хэлэлцэж, энэ чиглэлээр сайн туршлага нэвтрүүлсэн малчид, аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшууллаа. 

Тэдний нэг нь малын үүлдэр угсаа, түүхий эдийн чанарыг сайжруулсан малчин өрхөөр шалгарсан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчин Ш.Дэлгэрбатын гэр бүл.Ш.Дэлгэрбат: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчин

Тэднийх Баянхонгор аймгийн Шинэжинст сумандаа Залаажинст үүлдрийн ноолуурын чиглэлийн цагаан ямаа үржүүлдэг. Ингэхдээ өөр ямар нэг үүлдэр, омгийн малтай эрлийзжүүлэхгүйгээр цэврээр нь сонгож үржүүлдэг. Хэрэв өөр үүлдрийн ямаатай нийлүүлчихвэл ноолуурын нарийн ширхэг нь бүдүүрдэг байна. Иймээс сум, баг дотроосоо ухна тавьж, гурван жил болоод сольдог аж.

Мөн өнөөдрийн арга хэмжээнд нутаг нутгийн малчид, хоршоодын төлөөлөл ирж оролцлоо.
Д.Мөнгөнцэцэг: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Баруун бүслүүр” хоршооны дарга

Ноолуурыг хоршоодоор дамжуулаад ялгаж, ангилдаг болоосой гэж боддог. Өмнө нь ангилж, зэрэглэдэг байсан. Бас өнгөөр нь ялгах чухал байна. Ингэснээр хүмүүс ноолуурынхаа чанарт анхаардаг болно.

Өнөөдөр малчид болон хоршоодоос:

  • Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж буй хоршоо

  • Өвлийн бэлтгэл буюу малын тавлаг байдлыг хангасан малчин өрх

  • Малын үүлдэр угсаа, түүхий эдийн чанарыг сайжруулсан малчин өрх

  • Залуу малчин

Ноолуурын үйлдвэрүүдээс:

  • Эрчим хүчний зохистой хэрэглээг нэвтрүүлсэн шилдэг байгууллага

  • Усны зохистой хэрэглээг нэвтрүүлсэн шилдэг байгууллага

  • Хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн шилдэг байгууллага

  • Нийлүүлэлтийн сүлжээг сайжруулсан, малчидтай хамтран ажилладаг байгууллагыг тус тус шалгарууллаа. 

Хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн шилдэг байгууллагаар шалгарсан Говь-Эрдэнэ кашмер ХХК-ийн захирал Ц.Удвал: 

Хог хаягдлаа өдөрт хэд хэдэн удаа том машинаар зөөж асгадаг байсан. Харин одоо энгийн хог хаягдлаа ангилж дахивар авдаг компанид өгч байна. Мөн үйлдвэрээс гарч буй хог хаягдлаа дахин буталж самнасан ноолуур болгож, ончруулсан утас үйлдвэрлэдэг болсон.  

Ц.Удвал: "Говь-Эрдэнэ кашмер" ХХК-ийн захирал 

Энэ мэтчилэн өнөөдрийн арга хэмжээнд оролцсон малчид, аж ахуйн нэгжүүд бүгд байгаль орчиндоо ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжиж, урт хугацаанд үр ашигтай ажиллах нь чухал гэдгийг онцолж байлаа. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.