Б.Баясгалан
09 сарын 22, 2019
БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд боллоо.
Өдөрлөгийг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж хэлсэн үгэндээ "Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй болгож, иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс БОАЖЯ-ны үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж, тухайн уул уурхайн компанийн нийгмийн даатгал, татвар, газрын төлбөрийн талаарх мэдээллийг иргэд цахимаар дүгнэх, холбогдох албан хаагчид цахимаар үнэлэх эхлэлийг тавилаа...
...Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэхийн тулд Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглох Засгийн газрын тогтоолыг 2018 оны 2 дугаар сарын 28-нд гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 15-наас хэрэгжүүлсэн.
Нэг удаагийн нийлэг уутыг хориглох Засгийн газрын тогтоолыг 2018 оны 6 дугаар сарын 29-нд гаргаж, 2019 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлсэн. Энэ бүх ажлыг эхлүүлэхийн тулд иргэдэд 1 жил орчмын өмнөөс сануулж, урьдчилан бэлтгэл хангах хугацаа өгсөн.
Эдгээр шийдвэрүүдтэй холбоотойгоор төрийн өмчит “Таван толгой түлш” компанийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлээд байна.
Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт хугацааны орон сууцжуулах ажлыг хийж байгаа ч тэр болтол агаарын бохирдлыг бууруулах цорын ганц арга зам нь сайжруулсан шахмал түлш гэдэгтэй хүн бүр санал нийлж байна.
Монголд анх удаа төвийн 6 дүүргийн 4600 хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулж, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны албан бус ажилтнаар цалинжуулан иргэдэд мэдээлэл өгөх ажлыг хийлгэж, төр иргэний хамтын ажиллагааг нэг шатаар ахиуллаа. Тиймээс иргэд та бүхэнд төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин, хүчээ нэгтгэхийг уриалж байна" гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.